2021.10.21

Б. Бейсен: Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах төсөв тавьсан уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуультай танилцлаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон хэд хэдэн асуудлын талаар асуух гэсэн юм.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Нийслэлээс 1000 км дээш алслагдсан бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд 10 дахин буюу нэг хувийн татвар төлдөгийг үргэлжлүүлж, томоохон нэгж салбар байгуулахыг санхүү, татварын бодлогоор дэмжиж, бүсийн нэмэгдэл олгоно гээд тусгасан байсан. Үүнийг Сангийн сайдаас асуумаар байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх болон эдийн засаг,нийгмийн ач холбогдол өгөхөд зарим сум, суурин газрууд руу чиглэсэн 2022 км автозам барина гэсэн. Үүнтэй холбоотой Өлгий, Улаанхус, Цэнгэл Хотон Хурган нуур, мөн Улаанхусаас Хөх хөтөл, Алтай таванбогд чиглэлийн автозамын асуудлыг яаж шийдэх вэ?

Дараа нь Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Завхан аймгийг аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, отоглох цэг, автозам дагуух үйлчилгээний цогцолборыг байгуулна. Говийн бүсийн аялал жуулчлал хөгжүүлнэ гэсэн. Үүнийг яаж шийдсэн бэ, хөрөнгө тавигдсан уу?

Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийх хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээгүй байна. Энийг хэрхэх вэ?

Шатахууны үнэ баруун бүсэд өндөр байна. Нефтийн үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ Уул уурхайн сайд аа?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар хариулав.