2021.10.21

Б.Жаргалмаа: Эмч мэргэжилтнүүдийн цалин, урамшуулал нэмэгдэх боломж хомс байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: 

Цар тахлын нөхцөл байдал биднийг өөрчлөлт хийхийг шаардаж байгаа нь тодорхой. Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгох тал дээр хариултаа авчихлаа. 

Эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалтыг яаж тооцсон бэ? Нэг худалдан авагчийн зарчим, гүйцэтгэлээр санхүүжүүлэх зарчмаар зургаан сарын хугацаанд явж байгаа боловч өнөөдрийн байдлаар эмч мэргэжилтнүүдийн цалин, урамшуулал нэмэгдэх боломж хомс байна. Энэ асуудлаар өнгөрсөн хавар жагсаал хийж байсан. Нийгмийн бодлогын байнгын хорооноос энэ чиглэлээр ажлын хэсэг гарч ажиллан засгийн газарт чиглэл өгсөн. 

Ковидын нэмэгдэл гэж олгогдож байгаа нэмэгдэл ирэх оны нэг сарын нэгнээс зогсоно. Үүнд санхүүжилтийн асуудлыг нэмж олгох уу? Өнөөдөр эмнэлгүүдийн нөхцөл байдал маш хүнд байна. Халдварт өвчин судлалын байрны асуудал байна. Мөөгөнцөртэй хөгцөрсөн байгаа эмч мэргэжилтнүүдийн эрүүл мэндийн асуудал ямар байгааг бид харж байгаа. Өөрсдөө улаан бүсээс дараагийн улаан бүс рүү явах эрсдэл өндөр байна. 

Төрөх эмнэлэгт хүртэл хулгана гүйж байна гэсэн мэдээлэл байна. Эрүүл мэндийн салбараа зөвхөн цалин хөлс гэхээсээ илүү тэнд ажиллах боломжоор яаж хангаж байгаа вэ? Ковид Монголд орж ирж байсан үед эмч , эмнэлгийн ажилтнуудад зориулсан сантай болох тухай ярьж байсан. Эдгээр хүмүүсийн ар гэрт өгөх дэмжлэг туслалцааг оруулж өгөх ёстой. 

Түүний асуултад ЭМ-ийн сайд С.Энхболд хариулав.