Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2021.06.22

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.06.22) боллоо. Эхлээд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийв.

Тэрбээр, нийтийн мэдээлэл буюу төрд байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан бөгөөд хаалттай мэдээлэл гэж төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаарлалттай мэдээлэл гэж хандах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон бөгөөд хүн, хуулийн этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр хандаж, ашиглаж болох мэдээлэл болон албаны нууцад хамаарах мэдээллийг ойлгохоор тусгасан болохын тодотгов. Хууль саначлагчийн танилцуулснаар одоогийн мөрдөж байгаа хуульд заасан нээлттэй, ил тод байлгах мэдээллийг нэмэгдүүлсэн байна.

Үүнд:

  • -тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл;
  • -мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа оюуны өмчийн эрх;
  • -хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл;
  • -мэдээлэл хариуцагчийн эзэмшиж байгаа газрын мэдээлэл;
  • -төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн ашиг, алдагдлын тайлан, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, гишүүд болон гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн;
  • -стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд нэгдсэн төсөв болон үндэсний баялгийн санд оруулж байгаа татвар, хөрөнгийн хэмжээ;
  • -төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт болон түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл;
  • -Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээ;
  • -барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт;
  • -тусгай хамгаалалттай газар нутагт дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн байдал;
  • -улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хөрөнгө, түүнд өгсөн хандив;
  • -зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн үнийн бүрдлийн талаарх мэдээлэл;
  • -хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч, өмчлөгчийн талаарх мэдээлэл;
  • -мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн талаарх мэдээлэл;
  • -нэвтрэх, ашиглахад хязгаарлалт тогтоогоогүй мэдээллийн сан дахь нээлттэй өгөгдөл зэрэг 5 чиглэлээр 67 багц мэдээллийг нэмж тусгасан гэлээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Л.Мөнхбаатар, Ж.Сүхбаатар, Н.Учрал, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, тодруулга авав. Үүнд, 2018 онд улсын бүртгэлийн багц хууль батлагдах үед нээлттэй, хязгаартай, хаалттай мэдээлэл гэсэн заалт тусгагдсан, үүнтэй холбогдуулан Нийтийн мэдээллийн тухай хуульд ямар мэдээллийг нээлттэй, хязгаартай гэж ангилсан, үүний аюулгүй байдал, мөн газрын мэдээллийн зохицуулалт хэрхэн тусгагдасан талаар тодруулав.

Хууль санаачлагч болон Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, улсын бүртгэлийн багц дөрвөн хууль батлагдсанаас хойш Улсын бүртгэлийн байгууллага болон Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар дундын мэдээлэл солилцож эхэлсэн. Ингэснээр шинээр олгож буй газар, түүний бүртгэлийн мэдээлэл санд бүртгэгдэж байгаа. Харин хуулийн төсөлд тусгагдсан нийтийн мэдээллийг мөн нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан ба 5 чиглэлийн 67 багц мэдээллийг нээлттэй мэдээлэлд ангилагдсан. Аюулгүй байдлын хувьд, тухайн хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр хөндлөнгийн этгээд нэвтэрсэн үед тухайн хэрэглэгчийн гар утас болон цахим шууданд мэдэгдэл ирэхээр зохицуулагдсан гэв.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр нар уг хууль батлагдсанаар иргэдээс мэдээлэл шаардахгүй байх хязгаарлалтыг тогтоож өгөх, уг хууль төрийн болон албаны нууцын тухай хуультай уялдуулж өгөх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв.

Ингээд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад 66,7 хувийн саналаар дэмжигдэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.