Б.Баярсайхан: Бид хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй сурч боловсрох, хөгжих  орчинг бүрдүүлэх үүрэгтэй
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан
2021.01.15

Б.Баярсайхан: Бид хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй сурч боловсрох, хөгжих орчинг бүрдүүлэх үүрэгтэй

Улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байранд амьдарч, суралцаж байгаа хүүхэд багачууд гадаа модон жорлон ашигладаг гэсэн тоо бий. Тэднээс хамгийн олон нь Хөвсгөл аймагт байх бөгөөд нийт 103 сургууль, цэцэрлэг, дотуур байр байна. Үүнээсээ үүдэн бага насны хүүхдүүд өвлийн хүйтэнд суурь өвчтэй болж, зундаа агаар, орчны бохирдлоос үүдэлтэй элдэв халдварт өвчин нэмэгдсээр байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэж, 21-р зуунд хөгжлийн хоцрогдол болсон модон жорлонгийн асуудлыг шийдвэрлэхээр УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгэм, тэр дундаа УИХ-ын гишүүн Б.Баярсайхан тэргүүтэй гишүүд онцгой анхаарал хандуулан ажиллаж эхэлсэн.

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы хувьд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа уг асуудлыг эхнээс нь шийдвэрлэсэн бөгөөд Азийн хөгжлийн банк, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Мобиком корпорац зэрэг олон улс, төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран модон жорлонг өөрчлөх олон төсөл хэрэгжүүлсэн.

Тухайлбал, АХБ-ны буцалтгүй тусламжаар баруун бүсийн алслагдсан аймгууд болох Увс, Говь-Алтай, Завхан аймгийн ЕБС-ийн 17 дотуур байрыг бүрэн засварлаж, хүүхдүүд халуун хүйтэн устай, орчин үеийн ариун цэврийн өрөөтэй, гал тогоо хоолны өрөө бүхий тохьтой дулаахан байранд сэтгэл хангалуун сурч, амьдрах болсон.
Өнөөдрийн байдлаар Говьсүмбэр аймгийн сургууль, цэцэрлэг, дотуур байр эхнээсээ модон жорлонгоо халсан нь энэ ажил амьдрал дээр бүрэн биелэлээ олж байгааг гэрчилж байна.

УИХ-ын БСШУС-ын Байнгын хорооны 2021 оны 01 сарын 13-ны өдрийн хурлаар “Төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн 5 дахь заалтын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсгийг Б.Баярсайхан гишүүн ахалж ажиллахаар болсон нь дээрх хөгжлийн хоцрогдол түргэн арилах боломжийг бүрдүүлж байна.

Түүний санаачилгаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолд уг асуудлыг тусгасан төдийгүй, МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт нүхэн жорлонг халах асуудлыг ч тусгуулсан юм.

Дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Н.Өнөрболор, Ч.Ундрам, Т.Энхтүвшин нар ажиллана.

2021 оны төсвийн тухай хууль хэлэлцэж байх үед Завхан аймгаас сонгогдсон Б.Баярсайхан гишүүн:

“Тус аймгийн хэмжээнд 95 сургууль, цэцэрлэг модон жорлонтой байна. Баруун аймагт өвөлдөө хүйтэрдэг тул сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд гадаа гарч бие засахаас төвөгшөөн уух усаа ч хорьдог асуудал байна. Ирэх онд /2021 он/ Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар шинэ байртай болохоос илүү сургууль, цэцэрлэгийн модонг жорлонг халах талаар эхний хоёр жил анхаарлаа хандуулж ажиллана. Иймд шаардлагатай хөрөнгийг 2021 оны төсөвт тусгах хэрэгтэй.”

гэж өөрийн байр сууриа илэрхийлж байсан нь ийнхүү биелэлээ олж байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn