Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орууллаа
2020.11.13

Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орууллаа

УИХ-ын өнөөдрийн /2020.11.13/ нэгдсэн чуулган цахимаар хуралдаж байна. Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа. 

Чуулганы танхимаас  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, цөөнхийг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Адъяа нар оролцож байна. УИХ-ын цахим чуулганы хуралдаанд цөөнхийн төлөөлөл хяналт тавина. 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2020 оны эхний хагас жилд 9.7 хувиар агшаад байна. Цар тахлын тархалт сүүлийн саруудад эрчимтэй нэмэгдсэнээс үүдэн цар тахлын хоёр дахь давлагаа эхэлснийг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Иймд Монгол Улсын Засгийн газраас 2020 онд хэрэгжүүлсэн эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих бодлогын зарим арга хэмжээнүүдийг 2021 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ хүрээн хуулийн төсөлд нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2021 онд 3 тэрбум 540.7 тэрбум төгрөг, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 8.4 гэж,  Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ 2021 онд 1 их наяд 363.8 тэрбум төгрөг, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 3.2 байхаар өөрчилжээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд нүүрсний экспорт тасалдах эсэх, цар тахалтай холбогдуулан төсвийн тодотгол хийх эсэхийг тодруулж байлаа. Нүүрсний экспорт хэвийн явж байгаа бөгөөд өчигдөр л гэхэд хилээр нүүрс ачсан 1503 автомашин гарсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Мөн тэрбээр, “Цар тахлын нөхцөл байдлыг ажиглаж, цаашид хэрхэн өөрчлөгдөхийг бүрэн харсны дараа төсвийн тодотгол өргөн барина. Одоогоор төсвийн тодотгол хэзээ өргөн барихыг хэлэх боломжгүй” хэмээсэн юм.

Ийнхүү хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.5 хувь дэмжлээ.