УИХ-ын гишүүн М.Оюунчимэг НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчтэй уулзлаа
2020.11.10

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга М.Оюунчимэг энэ сарын 10-нд НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Каори Ишикаваг хүлээн авч уулзаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга М.Оюунчимэг олон талын нийгмийн асуудлаар хамтран ажиллаж байгаад талархаж буйгаа уламжлаад тэр дундаа хүүхдийн эрүүл мэнд, нөхөн үржихүй, залуусын хөгжлийн асуудал зэргийг дэмжин ажилладагт талархлаа илэрхийллээ.

Энэ удаагийн УИХ, Засгийн газар эрүүл мэндийн салбарт реформ хийхээр ажилдаа ороод байна. Үүний тод жишээ энэ салбарын томоохон хуулиудыг шинэчлэх ажил идэвхжиж, өнгөрсөн оны болон энэ оны төсөв дээр эрүүл мэндийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмсэн нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлыг анхаарч байгааг илтгэж байна. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын хувьд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн ажилд  манлайлан ажиллах болно хэмээлээ.  Мөн НББХ Ковид19 цар тахлын үед иргэдээ ажилтай орлоготой байлгахад онцгой анхаарч холбогдох яам, ЗГ-тай нягт холбоотой ажиллаж байгааг онцлоод цаашид нийгмийн чиглэлийн бүхий л ажилд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. 

Талууд  гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийг бууруулах тухайд санал солилцож  цаашид хамтран ажиллахад бүрэн боломжтой гэдэг дээр санал нэгдэв.