2020.08.27

М.Оюунчимэг: МСҮТ-ийн төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй харьцуулахад ажилгүйдлийг бууруулах бүрэн боломжтой

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.27) хуралдаанаар  “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

"2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд анализ хийж үзлээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор МСҮТ-ийг хөгжүүлэх асуудлыг 2, 3 дугаар бүлэгт тусгажээ. 2019 онд ажилгүйдлийн түвшин  10% байгааг 2025 онд 7,8% хүргэнэ гэж байгаа нь хангалтгүй байна. МСҮТ-ийн төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй харьцуулахад энэ хувиас ч доош орох боломж байгаа юм.

2021-2025 онд хөрөнгө оруулалтын хөтөлбөрт зохистой хөдөлмөр эрхлэлт гарааны дэмжих чиглэлээр дараах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гээд Тогтвортой амжиргаа-3 төсөлд нэмэлт санхүүжилт 34 тэрбум 70 сая төгрөг. Хөдөлмөр эрхлэлт, ур чадвар сайжруулах төсөлд 17 сая,  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд 71 сая төгрөг гэж орж ирсэн байна. Ийм өртөгтэй төсөл хэрэгжүүлж байж бага хувиар ажилгүйдлийг бууруулах юм уу?

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Хот дахин  хөгжүүлэх төслийн хүрээнд орон сууцны хангамж нэмэгдсэн байна гэж ерөнхий заалт орсон байна. Хүрэх төвшин болон суурь төвшинг тодорхой заагаагүй байна. Мөрийн хөтөлбөртөө тодорхой заасан хэрнээ төлөвлөгөөндөө ерөнхий заасан байна. Үүнийг анхаараарай."

Түүний асуултанд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар нар хариуллаа.