2020.08.25

О.Цогтгэрэл: БҮТЭЭМЖИЙН тухай ганц ч үг, өгүүлбэр байхгүй байгаа нь харамсалтай байна

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.24/ хуралдаанаар  “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл

"Ирэх 5 жил Монгол улс хэрхэн үйлдвэржих вэ гэдэг тодорхой асуудлыг ярьж байна. Үйлдвэржүүлнэ гэдэг нь БҮТЭЭМЖ гэдэг тодорхой хэмжүүртэй. Үндсэн чиглэлийг ярихдаа БҮТЭЭМЖИЙН тухай ганц ч үг, өгүүлбэр байхгүй байгаа нь харамсалтай байна. Сүүлийн 5 жилийн тухай авч үзэхэд БҮТЭЭМЖ төгрөгөөр хэмжихээр өсөж байгаа мэт боловч доллараар яривал Монгол улсад салбар бүрт буурч байна. 

хэмжиж чадвал удирдаж чадна гэдэг үг бий.

Бид хэмжихгүйгээр улс орныг хөгжүүлэх тухай яриад байна.

Тоог гарвал, Монгол улсын жилийн дундаж нэг ажилтны бүтээмж 15000 төгрөг,  ХАА салбар дээр улсын дунджаар 2 дахин бага буюу 8000 төгрөг байна. Салбарын хувьд уул уурхай 68 сая, харилцаа холбоо 35 сая, банк 54 сая. Энэ 3 салбар дээшлэж байж дундаж 15000 төгрөг гэдэг тоо гараад байгаа болохоос бусад салбарын бүгдийнх нь бүтээмж уначихсан. Доллараар яривал БҮТЭЭМЖ жилээс жилд буурч байгаа. Энэ бэлээхэн тоо, хэмжүүр байхад үүнийг ярихгүйгээр  үйлдвэржүүлнэ гэдэг зүйл яриад байгаа нь харамсалтай. 

Энэ үйлдвэржилтийн бодлого дээр тодорхой заалт оруулмаар байна. 

Ерөөсөө үйлдвэржүүлнэ, бүтээмж сайжруулна гэдгийг цаана ганцхан л зүйл цаана нь байгаа. Энэ бол ТЕХНОЛОГИ хэрхэн сайжрах юм, хэрхэн нэвтрүүлэх, дамжуулах юм гэдэгт л байгаа юм. Энэ салбар бүрт хамаатай бодлого.

Тэгэхээр салбар бүрт шинэ технологи оруулж ирэхийг дэмждэг эрхзүйн зохицуулалт манай улсад хэрэгтэй байгаа юм. Хөгжлийн банкны шалгуур ч гэсэн энэ байх ёстой. Шинэ технологи нэвтрүүлж байгаа төслийг түлхүү дэмждэг болчихвол энэ улс орон баялаг бүтээх, үүний цаана амьдралын ялгаа гарч эхэлнэ.