2020.08.14
Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлэх замаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс “Эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц” болон 2021 оны төсөвт үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас тусгуулахаар хүргүүлсэн саналыг танилцууллаа. Мөн Ирэх оны төсөвт үндсэн цалин, шөнийн нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал, алсын дуудлагын нэмэгдэл болон ХАБЭА-н зардлыг нэмэгдүүлэх тухай санал гаргасан юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн салбарт тулгамдсан маш олон асуудал байгаа бөгөөд үүнийг хамгийн богино хугацаанд шийдвэрлэх гарц нь “Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо” гэдгийн онцлоод энэхүү тогтолцоог 2021 оны 1-р сарын 1-нээс эхлэн нэвтрүүлнэ гэлээ.
Ингэснээр та бүхний хэлж буй асуудлуудыг шат дараатай шийдвэрлэж, богино хугацаанд ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгаалал, ХАБЭА-н зардлыг эмнэлгийн байгууллага өөрөө дотооддоо шийдээд явах боломжийг бүрдүүлнэ гэсэн юм. Мөн Цаашид эмнэлгийн хагас бие даасан байдлыг хангаж, энэ чиглэлээр хяналтын тогтолцоог бэхжүүлнэ гэв.
Уулзалтын төгсгөлд салбарын хөгжил, хөдөлмөрийн харилцаанд тулгамдсан асуудлаар энэ сараас эхлэн тодорхой сэдвээр хэлэлцүүлгийг сар бүр зохион байгуулж, шийдэл гарц гаргаж, хамтран ажиллахаар боллоо.