Дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэе!
2025.03.30

Дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэе!

Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулж яваа эрхэм эмч нартаа Дэлхийн эмч нарын өдрийн мэнд хүргэе!

Өнөөдөр бусдын төлөө цаг наргүй ажилладаг тэдний өөрсдийнх нь эрүүл мэнд, нийгмийн баталгааг ярьж, тэдний оруулж буй хувь нэмрээр бахархах өдөр.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нийт 70 орчим мянган ажилтан ажиллаж байгаагаас 18 мянга орчим нь ЭМЧ байна.
Статистик үзүүлэлтээр авч үзвэл, 1000 хүнд ногдох эмчийн тоо 3.25, гар дээр авч буй цалингийн дундаж хэмжээ 2,7 сая төгрөг байгаа нь дэлхийн жишгээс харьцангуй бага цалингаар, өндөр ачаалалтай ажиллаж буйг илэрхийлж байна.

Монгол улс эрүүл мэндийн салбартаа онцгойлон анхаарч, чанар стандартыг дэлхийн жишигтэй ойртуулахад алхам алхмаар урагшилж, эдийн засгийн чадавхдаа тулгуурлан хөрөнгө оруулалтуудыг хийсээр ирсэн. Ирэх жилүүдэд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулахад:

  • Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх зорилгоор шинэ дэвшилтэт технологи, арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, сургах, гадаадын ур чадвар бүхий мэргэжлийн багийг эх орондоо урьж, туршлага солилцуулах арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулийн сургалтын чанарыг олон улсын жишигт нийцүүлж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллах эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, сувилагч нарыг түлхүү бэлтгэх
  • Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг сайжруулж, алслагдсан орон нутагт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд олгох төрийн дэмжлэг, хөнгөлөлт, урамшууллыг нэмэгдүүлэх зэргээр бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаад байна.
  • Түүнчлэн орон нутаг бүр өөр өөрсдийн онцлогт тулгуурлан эрүүл мэндийн салбараа дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй бөгөөд Орхон аймгийн хувьд “Эмч” хөтөлбөрийг 8 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр:
  • Эрүүл мэндийн салбарын нийт ажилчдынхаа 94 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж үүнээс эмчлүүлэх шаардлагатай 2000 ажилтныг эмчлэн эрүүлжүүлсэн
  • Нийт 47 эрүүл мэндийн байгууллагад ажилчдын чийрэгжүүлэх болон амрах өрөөг тохижуулж ашиглалтад оруулсан
  • 2021-2024 оны хооронд нийт 484 эмч мэргэжилтнийг төгсөлтийн дараах сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлсэн
  • Нийт эмч, эмнэлгийн 28 ажилтанг түрээсийн орон сууцанд хамруулаад байна.
  • Орхон аймаг “Эмч ” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрүүл мэндийн салбартаа өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээ чадавхжуулж, удаа дараа сургалтад хамруулан, тэдний нийгмийн асуудалд анхаарч ажилласан энэ хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирч, чадварлаг боловсон хүчний тоог нэмэгдүүлж, шинэ төрлийн эмчилгээний аргууд нэвтэрч, иргэдийн амь насыг сахин хамгаалах, эрүүл амьдрах боломжийг нэг шатаар ахиулж чадсан сайн жишгийг улсын хэмжээнд бий болгожээ.

Алтан гарт та бүхний ачаар аврагдсан мянга мянган амь, бүтэн үлдсэн амьдрал бүхний өмнөөс ЭМЧ танд талархал илэрхийлье!

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан