2020.05.12

Л.Энх-Амгалан: Цахим эрүүл мэндийн бүртгэл, үйлчилгээний асуудал илүү тодорхой болно гэж найдаж байна

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Засгийн газар санаачлан Эрүүл мэндийн салбарын хуульд томоохон зарчмын өөрчлөлтүүд орох гэж байна. Үл ойлголцол жижиг маргааныг хойш тавьж салбарын чухал асуудлыг өмнөө тавин хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд явах нь зөв. 

Цахим эрүүл мэндийн бүртгэл, үйлчилгээний асуудал илүү тодорхой болж байгаа гэж найдаж байна. Дэлхий нийт цар тахлын энэ үед цахим үйлчилгээ үзүүлэх тал дээр томоохон дэвшлүүдийг гаргаж байна.

Цахим эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр Дэлхийн банк БНХАУ, Солонгосын хөнгөлөлттэй зээлүүдээр эмнэлгийн менежментийн асуудал, эрүүл мэндийн даатгал, иргэддээ цахимаар дамжуулан алсын зайн оношилгоо эмчилгээ хийлгэх гэх мэт асуудлууд дээр зайлшгүй шаардлагатай төслүүд нь хийгдсэн хэрнээ стандартууд нь тодорхой хийгдээгүй цаг алдаж байгаа. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр хийж байгаа хамгийн чухал зохицуулалт энэ гэж харж байна зөв үү? Д.Сарангэрэл сайд аа.

Түүний асуултад УИХ-ын гишүүн ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл хариуллаа.

2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа цахимжиж байгаа бөгөөд дэлхий нийтийн хандлагад нийцүүлэх үүднээс салбар бүхэлдээ үйл ажиллагаагаа цахимжуулах шаардлага тулгараад байгаа.

Эрүүл мэндийн 2, 3 дугаар шатлалын үйлчилгээ үндсэндээ цахим хэлбэрт шилжсэн бол одоо анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах, ийнхүү бүх шатандаа цахим үйлчилгээг нэвтрүүлснээр Засгийн газрын “Хур” системд холбогдох замаар үндэсний хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах юм байна. Үүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг төсөлд тусгасан гэв.