Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2020.04.21

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.21) хуралдаанаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар танилцуулсан юм.

Ажлын хэсэг төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг болон хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн зарим зүйл, заалт хоорондоо, эсхүл мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдал тогтоогдсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” гэж заасны дагуу холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Тодруулбал, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль хоорондын зөрчлийг арилгах зорилгоор боловсруулжээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд төслийн 10 дугаар зүйл буюу Үндэсний архивын сан хөмрөгийн бүрэлдэхүүнтэй холбоотой зохицуулалтын талаар байр сууриа илэрхийлж, тодруулга хийв. Парламентад суудалтай улс төрийн намуудын баримтуудыг архивлах, 1990 оноос өмнөх Монгол Ардын Хувьсгалт Намын талаарх архивын баримтуудтай холбоотой санал гаргав. Ажлын хэсгээс эдгээр саналтай холбоотой тодруулга тайлбарыг өгсөн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд архивын баримтууд нь эрх зүйн үр дагавартай байдаг учраас архивын байгууллагын орон нутаг дахь салбаруудын үйл ажиллагаанд төвөөс нь анхаарал хандуулах, тэдгээрийн баримт бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтыг стандартад нийцүүлэх шаардлагатай гэдэг санал хэлэв. Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.