Орон нутгийн иргэдийн 80 орчим хувь нь үнэт цаас, хувьцааны данс нээлгэжээ
2019.10.28

Орон нутгийн иргэдийн 80 орчим хувь нь үнэт цаас, хувьцааны данс нээлгэжээ

Ховд /МОНЦАМЭ/. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас зохион байгуулж буй "Хуримтлалтай - Хувьцаатай иргэн" аян Ховд аймагт үргэлжилж байна.

Аяны зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296 тоот тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, 1072 ширхэг хувьцааны талаар иргэд, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, тэдний саналыг сонсоход чиглэж буй.

Аяны хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяраар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн гурван өдрийн турш Ховд аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийнхэн Ховд аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдад зориулан 1072 ширхэг хувьцааны талаар сургалт хийв.  

Мөн 100 орчим иргэн хөдөлмөрчидтэй уулзалт хийж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн бодлого, үйл ажиллагаа, хөрөнгийн зах зээл, үнэт цаас, хувьцааны талаар мэдээлэл хийсэн юм.

Уулзалтын үеэр 1072 ширхэг хувьцааг захиран зарцуулахтай холбоотой эрх, ногдол ашиг олгох хэлбэр, хуримтлал, хадгаламж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр иргэдийн саналыг сонсож, улмаар судалгаа авав.

Ховд аймагт ганцхан “Бумбат Алтай” брокер дилерийн компани үйл ажиллагаа явуулж, иргэдийн үнэт цаас, хувьцааны данс нээж байна. Тус аймаг нь 87 мянга гаруй хүн амтай. Одоогийн байдлаар орон нутгийн нийт иргэдийн 80 орчим хувь нь үнэт цаас, хувьцааны данс нээлгэсэн гэж тус компаниас мэдээллээ.

Иргэд үнэт цаасны данс нээлгэснээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг өөрийн дансанд байршуулж баталгаажуулан хөрөнгийн бирж дээр арилжаанд оруулах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал өгөх, хувь эзэмшиж буй компанийнхаа ашгаас жил бүр ногдол ашиг авах зэрэг давуу талтай гэж албаныхан онцоллоо.

Мөн иргэдийн дийлэнх хувь нь хувьцаагаа зарах магадлал өндөр байдаг. Тиймээс “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг иргэд зарах биш өвлүүлдэг, улмаар ногдол ашгаа хүртдэг, хувьцааныхаа үнэ цэнийг сайтар мэддэг байгаасай гэсэн уриалгын хүрээнд энэхүү аяныг зохион байгуулж байгаагаараа онцлогтой хэмээн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн мэргэжилтэн Ц.Батзаяа хэллээ.   

Харин иргэд хувьцаа ашигтай гэж мэддэг боловч үр дүнтэй захиран зарцуулах талаар мэдлэг, мэдээлэл бага байна гэж ярьж байлаа.

Мөн цаашид өөрийн эзэмшиж буй хувьцааныхаа ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр авах эсвэл хөрөнгийн зах зээлийн эргэлтэд оруулах зарчмаар хувьцаагаа өсгөх хүсэлтэй байна гэж зарим иргэд ярив.

Цаашид ажлын хэсгийнхэн хөдөөгийн 16 суманд ажиллаж, иргэдэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны талаар танилцуулж, судалгаа авах аж.