2025.04.25

С.Цэнгүүн: Баялгийн сангийн асуудлуудыг ирээдүйд шийдэгдэнэ гэж харалгүй одоо цаг үе дээр утааны шийдлээ тодорхой болгох ёстой!

УИХ-ын чуулганы /2025.04.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийн цагаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд Хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар сонслоо.

Уг мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

Баялгийн сантай холбоотойгоор төр ахиад л нэг мөнгө хуримтлуулаад зарцуулалтыг нь төрөөс ахиад хийнэ гэж ярьж байгаа юм. Гэхдээ өнөөдөр бид нар 33 их наядыг зарцуулж байгаа засагтай байгаа. Бид нар дандаа ирээдүй цаг дээр л иргэдээ маш гоё болчихно, ирээдүй цаг дээр бид нар асуудлуудыг нь шийдчих юм шиг ярьдаг. Урин дулаан цаг ирчихээр бид нар ахиад утааны асуудлаа мартаад хаяж байгаа юм шиг байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албанаас хувийн компаниуд руу шингэрүүлсэн хийн түлшийг ирэх 2025-аас 2026 онд ашиглаад яв чиглэл ирээд байгаа. Утааны тухай асуудлыг шийднэ гээд л үндэсний хороо байгуулаад, хэлэлцээрүүд хийгээд яваад байсан. Тэрнийхээ эцэст шингэрүүлсэн хийн түлшийг сонгосон юм уу?

Хэн ямар замаар, хэдэн төгрөгийн үнэтэйгээр нийлүүлж байгаа юм. Иргэдийн хувьд амь насаараа хохирлоо. Хордлогодоо орж угаартсан хэдэн мянган хүн байгаа. Тэгэхээр энэ хүмүүс ирэх өвөл 5 толгой шахмал түлшийг ашиглаад байж байх уу. Хавар болоод ирэхээр энэ утааны асуудлаа орхичихдог. Шийдэл нь ерөөсөө гараагүй тал талд өөр бодлогууд яваад байхаар хувийн ААН-үүд нь бизнес төлөвлөлтөө хийгээд явахад хүндрэлтэй байна!

Баялгийн сангийн асуудлуудыг ирээдүйд шийдэгдэнэ гэж харах гэхээсээ илүү өнөөдөр байгаа цаг үе дээрээ утааны шийлүүдээ маш тодорхой гаргаж ирэх ёстой. 2025-2026 өвөл Монгол Улс ямар байдлаар энэ халаалтыг шийдэх юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан