Минск хотод ЭСЯ нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
2019.10.10

Минск хотод ЭСЯ нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Минск хотод ЭСЯ нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.

Беларусь Улс нь Баруун Европын орнуудыг Азитай, Хар далайн эргийн бүс нутгийг Балтийн тэнгистэй холбох тээврийн гол зангилаа хэсэгт оршдог, дамжин өнгөрөх тээврийн чухал нутаг дэвсгэр бөгөөд экспортод чиглэсэн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, тээвэр зуучлалын салбар хөгжсөн, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс гэдгийг танилцуулгын эхэнд онцолсон.

Тус улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, зам тээвэр, логистикийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах нөөц бололцоо бий гээд энэ хүрээнд Беларусийн уул уурхай, хөдөө аж ахуй, нийтийн тээврийн болон барилгын салбарын машин механизмийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэлээ.

Хоёр улсын Засгийн газарт хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалт, тээвэр логистикийн салбарыг харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх сонирхол, боломж байна. Түүний дотор сүүний кластер, агро хотхон, керамик шил, лифтний үйлдвэрийг байгуулах, манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм. Беларусь Улсад Элчин сайдын яамтай болсноор дээрх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хил, гааль, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, манай улсын экспорт, импортын барааны эргэлтийг сайжруулах, тээвэр, логистикийн төслийг хэрэгжүүлэх, Брестийн боомтоор дамжин манай улсад ирж буй ачаа, тээврийн үнэ, тарифыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдэнэ хэмээн Сангийн сайд мэдээлсэн. Беларусь Улс дахь Элчин сайдын яамыг 3 орон тоотой байгуулахаар төлөвлөж, зардлыг 2019 оны төсөвт тусгажээ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцууллаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж санал хэлж дуусахад ажлын цаг дууссан тул маргааш үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.