2019.06.06

О.Баасанхүү: Гишүүд хамгийн бага хүүтэй зээлийг ард иргэдэд өгөх сонирхолгүй байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.06/  нэгдсэн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний байгууллагыг тодорхойлох, ангилах, төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг нарийн тусгажээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Зарим гишүүдийн буянаар ийм бага хүүтэй зээл байдгыг ард түмэн мэдэж авч энэ хуулийг анхааралтай ажиглаж байгаа гэж бодож байна. Тэрнээс биш ийм бага хүүтэй зээл байдаг гэдгийг гишүүн танихгүй, нам мэдэхгүй хүмүүс мэдэхгүй байх байсан. Тиймээс энэ хуулийг батлах нь зүйтэй. Багаас нь том хүртлээ энэ салбарт ажилласан хүний хувьд Ж.Ганбаатар гишүүн сайн хууль боловсруулсан байх гэж итгэж байгаа. 

хамгийн гол нь ЖДҮ-д дургүй гишүүд байна. Ард түмэндээ бага хүүтэй зээл өгөх дургүй гишүүд байна. Тиймээс УИХ-ын дарга ирцээ бүрдүүлээд, үгүй бол санал хураалтыг түр хойшлуулаад өглөө эрт энэ хуулийн төслийг оруулж батлуулахгүй бол хууль унах гээд байна.

Өөрсдөө 3% хүүтэй зээл авдаг. Бусад нь авч болдоггүй юм шиг. Ж.Ганбаатар гишүүн энэ хуулиараа намынхаа, гишүүдийнхээ эсрэг том юм хийж л дээ. Байнга угжуулдаг том юм нь байхгүй болох гээд байгаа учраас гишүүд нь эс үйлдэхүйгээрэй танхимд орж ирэхгүй байна л даа. Тиймээс УИХ-ын дарга энэ тал дээр гишүүдээ оруулж ирэх хэрэгтэй байна. Мөн сайд нарыг оруулж ирмээр байна."