2018.10.17

ЖДҮ-ийн хууль vs Татварын багц хууль

Өчигдөр /2018.10.11/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг хэлэлцсэн юм. Энэ үеэр хэлэлцүүлгийн шатанд явж байгаа хоёр хуулийн заалтууд хоорондоо зөрчилтэй байгаа талаар хөндөгдлөө.

ЖДҮ-ИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын зургаан гишүүн 2018 оны 05 сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийн гол агуулга нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, цаашлаад ажлын байр нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүнийг өсгөж, эдийн засгийн өсөлтийг сайжруулах зорилготой. Ингэхдээ 2.5 тэрбум хүртэлх төгрөгийн жилийн орлоготой аж ахуйн нэгжүүд жилд 1 удаа тайлан гаргадаг болох, 1 хувийн татвар төлдөг байх зэрэг олны анхаарлыг татах заалтуудыг хуулийн төсөлд тусгажээ. Эдгээр асуудлаар Засгийн газраас санал авахад эсрэг санал ирээгүй гэдгийг хууль санаачлагч Ж.Ганбаатар УИХ-ын чуулганы үеэр хэлж байсан юм.

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬ /Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/

Татварын багц хуулийг Засгийн гзараас 2018 оны 05 сарын 29-нд өргөн мэдүүлжээ. Харин багц хуульд хамрагдах Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг тухайн үед УИХ-ын гишүүд дэмжээгүй бөгөөд Засгийн газраас 2018 оны 06 сарын 25-нд дахин өргөн мэдүүлж, хэлэлцэхээр болсон юм. Уг хуулиар 50 саяас доош орлоготой ААН 1 удаа тайлан өгнө гэсэн заалт оруулжээ. Мөн хуулийн төслийн 22.1-т Албан татвар төлөгчийн жилийн татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг … албан татвар төлөгчийн үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварын 90 хувийг буцаан олгоно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл 10 хувийн татвар ногдуулж, үүнийхээ 90 хувийг буцааж олгоно гэсэн үг юм.

Дээрх хоёр хуулийн төслийн зөрчилдөж байгаа заалтын талаар Татварын багц хуулийн ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр болон ЖДҮ-ийн тухай хуулийн төслийн санаачлагч Ж.Ганбаатар дараах байр суурийг илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

ЖДҮ-ийн тухай хуулийн төсөлд бизнес эрхлэгчид 1 хувийн татвар төлнө, жилд 1 удаа тайлангаа тавина гэж байна. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд хувийн хэвшлүүд улиралд 1 удаа тайлан тавиад хэвшил болчихсон.

Татвар хөнгөлөх нь зөв. Гэхдээ хууль ёсны татвараа хурааж авдаг асуудал нь хамт явах ёстой. Татварын багц хуулийг хэлэлцэж байхад 1 удаа тайлагнаад, 10 хувиараа татвараа ногдуулна. Хугацаандаа тайлагнасан тохиолдолд хөнгөлөлт чөлөөлөлт аваад явах нь зүйтэй гэсэн санал орж ирсэн.

Татвар төлөхийн цаана бүртгэл гэж зүйл байдаг. Татвараа төлөөд хөнгөлөлтөө эдлээд явахад цаашаагаа хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох зэрэг олон сайн талууд бий. Үүнийг татварын хуультай зохицуулаад 90 хувиа буцааж авдаг зохицуулалт хийх механизмаар явах боломжтой.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

ЖДҮ-ийн тухай хуулийн хэлэлцэх эсэх нь батлагдсаны дараа Татварын багц хууль орж ирсэн.  1 хувийн татвар гэдэг бол МАН-ын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусан зүйл. 2.5 тэрбум төгрөг гэдэг бол их мөнгө биш. Жилийн орлого болохоос ашиг нь биш. Жижиг аж ахуйн нэгжүүд аль болох хурдан томроод, манай хуульд хамрагдах хүрээнээс дээш гарч дэвшээсэй гэж хүсч байна. Хүн энэ боломжийг ашиглаад өрсөлдөх чадвартай компани болоод нэг өдрийн өмнө ч болов жижиг, дунд үйлдвэрийн харъяаллаас гардаг байх хэрэгтэй. Солонгост бүх талонуудаа цуглуулж байгаад жилд 1 удаа байгууллагад 200 доллар төлөөд тайлангийн асуудал дуусдаг. Бүртгэлийн системийн тухайд 1 хувийн татвар төлнө гэдэг нь бүртгэлийн систем явна гэсэн үг. 0 хувь болгоогүйн шалтгаан энэ. Бизнес эрхэлж байгаа жижиг дундын хүмүүст итгэх ёстой. Тэр хүмүүст боломж олгох ёстой.