Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
2018.10.01

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар өнгөрсөн бямба гаригт “Олон улсын ахмадын баяр”-ын өдрийг угтаж, намынхаа ахмад буурлуудад хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр нийслэлийн намын даргын ажлын гараагаа ийнхүү Монголын ууган хүчинд зүтгэж, улс эх орныхоо хөгжил бүтээн байгуулалтад бие оролцож явсан буурлуудтайгаа уулзаж, тэдний үнэтэй сургааль, захиасыг сонсохоос эхлүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээг Д.Сумъяабазар нээж хэлсэн үгэндээ,

 “Өнөөдөр Нийслэлийн 9 дүүргийн 152 намын анхан шатны байгууллагын ахмадын дарга нар, үе үеийн Улаанбаатар хотын МАН-ын даргаар ажиллаж байсан удирдлагууд, хяналтын хороонд ажиллаж байсан ахмадууд энд хүрэлцэн ирээд байна. Та бүхэндээ “Олон улсын ахмадын баяр”-ын мэндийг өргөн дэвшүүлье. МАН-аа эрхэмлэн дээдэлж, намынхаа төлөө зүтгэж, эв нэгдлийг сахин, цаашид намаа улам бүр хөгжүүлэхэд үнэтэй сургаалиа харамгүй хайрлаж бид бүхний ажилд том хувь нэмрээ оруулж байгаад шинээр байгуулагдсан МАН-ын даргын хувьд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье” гэлээ.  

Мөн тэрбээр  Монгол Улсын зүрх нь болсон Улаанбаатар хотынхоо цаашдын өнгө төрхийг өөрчлөхөд намын анхан шатны байгууллагын гишүүдийнхээ оролцоог хангасан байдлаар явахаа хэлэв. Түүнчлэн сүүлийн жилүүдэд яригдах болсон  намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа асуудлуудтай хариуцлага тооцож, хатуухан тэмцэх ёстой болохыг мэдэгдсэн.

Тиймээс цаашдаа хийх зүйл их, цаг хугацааны хувьд давчуу байгааг хэлж, нийслэлийн 9 дүүрэг, 152 намын анхан шатны байгууллагад тулгамдсан олон асуудлыг ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хүн рүүгээ, намын идэвхтэн сонгогчид руугаа чиглэсэн үйл ажиллагааг идэвхижүүлж явах ёстой гэв. Үүнд намаа удирдаж ирсэн үе үеийн намын ахмад зүтгэлтнүүдийн дэмжлэг, үнэтэй зөвлөгөө, оролцоо чухал болохыг хэлсэн юм.

Харин хүрэлцэн ирсэн  МАН-ыг удирдаж явсан ахмадууд өөрсдийн туршлага, бололцоогоо харамгүй зөвлөж туслахад бэлэн гэдгээ хэлж байв.  

Мөн нийслэлийн МАН-ын дарга хүндэтгэл үзүүлсэнд ахмадууд сэтгэл өндөр байгаагаа хэлж, шинэ даргадаа итгэл найдвар хүлээлгэн, зорилготой, зоримог байж, улс эх орныхоо төлөө ихийг хийж бүтээхийг захисан юм.