Ч.Улаан: УИХ-ын сонгуулийг аймаг, Нийслэлийн сонгуультай хамтад нь явуулахаар шийдвэрлэлээ
Өчигдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, орон нутгийн сонгуулийн хуулийн талаар хэлэлцсэн байна. МАН-ын бүлэг ямар шийдвэр гаргасан талаар болон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудал юу болж байгаа тухай УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа.
-МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар Орон нутгийн сонгуулийн асуудлыг хэлэлцсэн гэсэн. Яг ямар шийдвэр гаргав?
-АН-ын бүлэг манай намд албан ёсоор байр сууриа бичгээр мэдэгдсэн. Энэ саналын дагуу хэрхэн ажиллах вэ гэдэг асуудлыг яриад намын бүлэг ажлын хэсэгт тодорхой чиглэл гаргаж өглөө. МАН-аас АН-ын тавьсан саналыг дэмжиж, УИХ-ын сонгуулийг аймаг, Нийслэлийн сонгуультай хамтад нь зургаадугаар сард явуулж, сум дүүргийн сонгуулийг 10 дугаар сард явуулахаар шийдвэрлэлээ.
-Хууль зүйн байнгын хороо хуралдах байсан ч хуралдсангүй. Уг нь байнгын хороогоор ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан. Хуулийн хугацаа нь ингээд дуусгавар болохоор яах вэ?
-Байнгын хороо хуралдаж энэ асуудлыг шийднэ гэж найдаж байсан хуралдсангүй. Хуулиа хэрэгжүүл гэдэг шаардлагаа үргэлжлүүлэн тавина. Хуулийн хүрээнд энэ асуудал хурдан шийдэгдээсэй гэж хүсч байна. ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан гишүүдийн байр суурь хэвээр байгаа.
-АН-ын бүлгийнхэн ХЗДХ-ийн сайдыг огцруулахгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Бүлгийн хурлаар албан ёсоор энэ талаар ярилцаагүй байна. Тиймээс албан ёсны байр суурийг илэрхийлэх боломжгүй.