Хүүхэд хамгааллын чиглэлийн хуулиудын хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонслоо
2018.06.29

Хүүхэд хамгааллын чиглэлийн хуулиудын хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонслоо

Өнөөдөр /2018.06.29/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гишүүний "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаархи асуулгын хариуг сонслоо.

Асуулгын хариуг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд танилцууллаа.

"2016 онд Хүүхдийн эрхийн хууль, Хүүхэд хамгаалах хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг хуулиуд батлагдаж, энэ чиглэлийн эрх зүйн орчин бүрдсэн. 2017 онд гарсан гэмт хэргийн Цагаан ном гаргасан бөгөөд энэ хүрээнд хүүхдийн хүчирхийллийн асуудлыг тодорхой бүлгүүдэд нь тусгаж, нөхцөл байдлыг дүгнэжээ. Насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэргийн эсрэг судалгааг 2013-2017 оны байдлаар судалсан. Бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдлын талаар 2014-2017 оны байдлаар судалсан. Мөн Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран судалгаа хийсэн байна. Мөн дээр дурсан хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой журам батлан хэрэгжүүлж байна.

Хүүхэд хамгааллын чиглэлээр гарсан хуулийг хэрэгжүүлэх 10, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр гарсан 34 журам баталсан байна.

Хүүхдийн хөгжилд хүүхэд хамгааллын үндэсний хөтөлбөрийг 2017 онд батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. 

Хүүхдийн байцаагч нарт сургалт явуулж, эрх олгож байна. ХНХЯ-ны чиглэлээр хүүхдийн тусламжийн 108 гэсэн тоот утасны дугаар ажиллуулж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний түр байрыг байгуулсан. Одоо мөрдөж байгаа зөрчлийн хуулиар хүүхдийн эсрэг 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулж байна. 

БСШУСЯ-ны чиглэлээр багш, удирдах ажилтныг ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлөөр ажиллах үргэлчилсэн журмын баримт бичгийг баталж, түүнд хүүхэдтэй холбоотой асуудлыг үүрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. 

Зөрчлийн шинэ хуулиар 2017 оны байдлаар нийт 1 сая 300 мянга орчим зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс 4369 буюу 0.3 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн зөрчил байсан. Зөрчил гаргасан 1480 хүнд торгох, 2289 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан байна"