2018.04.03

Ургац алдсан ч өвлийг өнтэй давж чадлаа

Өнгөрсөн намрын чуулганаар малчид болон мал аж ахуй эрхэлдэг компаниудын хувьд хүлээлт үүсгээд байсан томоохон хуулиуд батлагдсан.

Тодруулбал Малын эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай гэсэн хоёр ч том хууль батлагдсанаар салбарын хөгжлийг тушиж байсан малын эрүүл мэндийн асуудлыг шийдэх түлхэц болсон. Үүгээр ч зогсохгүй өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж малчид өвлийг хүндрэл багатай давах боломж бүрдсэн юм.

Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг 2017 оны 11 сарын 17-ны өдөр Засгийн газраас яаралтай хэлэлцэхээр өргөн мэдүүлж, УИХ хэлэлцэн 30-ны өдөр баталжээ. Тус хууль батлагдсанаар ОХУ-аас оруулж ирэх 225.0 мянган тонн хүнсний, 10.0 мянган тонн үрийн буудайг гааль болон НӨАТ-ийн албан татвараас чөлөөлсөн юм.

Улаан буудайн хувьд

манай улсын нийт хэрэгцээнд 360 гаруй мянган тонн улаан буудай шаардлагатай байдаг бол 2017 онд дотоодын гурилын үйлдвэрүүд 141 мянган тонн улаан буудай хурааж авсан байна. Хүн амын хүнсний хэрэгцээт улаанбуудайн 40 гаруй хувийг л бүрдүүлэх нөөцтэй байгаа тул дутагдах 225.0 мянган тонн улаанбуудайг импортоор авч нөөц бүрдүүлэхээр болжээ.

Өвс, тэжээлийн тухайд

манай улс жилд дунджаар 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг. Харин 2017 онд тариалангийн ихэнх бүс нутгаар 40-60 хоногийн турш огт хур тундас ороогүй, хэт их халалт явагдсаны улмаас хураан авах ургацын хэмжээ үлэмж буурч 900 мянга гаруй тн өвс, тэжээл бэлджээ. Иймд 51 мянган тонн хүчит тэжээлийг импортоор оруулж, хүндрэлтэй байгаа аймгуудад түгээх шаардлагатай гэж Засгийн газар үзсэн байна. Үүнд нийт 40 тэрбум төгрөг шийдвэрлэжээ.

2018 оны 6 сарын 30-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх энэ хууль батлагдсанаар цаашид гурилын үнийг нэмэхгүй, тогтвортой хадгалах, малчдын гар дээр хямд үнээр өвс тэжээл нийлүүлэх боломжтой болсон юм. Харин гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн хүчит тэжээлийг зохион байгуулалттай түгээх ажлыг Засгийн газраас тэр даруйд эхлүүлсэн.

Ингэхдээ ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяныг өрнүүлсэн.

Тус аяны хүрээнд шалгарсан 34 аж ахуйн нэгжтэй “Бодлогын гэрээ” байгуулжээ. Гэрээний дагуу 25 кг хивэг 9800 орчим, 40 кг хорголжин 17200 орчим төгрөгөөр тус тус зарагдсан байна. Түүнчлэн малчдад бэлэн мөнгөнөөс гадна ноосны урамшууллын мөнгөөрөө өвс тэжээл сольж авах боломж олгосон байна.