2017 оны төсвийн тодотголын тухай хэлэлцлээ
2017.10.24

2017 оны төсвийн тодотголын тухай хэлэлцлээ

Өнөөдөр /2017.10.24/ Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сары 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны  төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат, Н.Амарзаяа, Я.Санжмятав нарын гишүүд асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн зүгээс багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэх асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөсөн, цаашид ОУВС-тай төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг ярилцсан эсэх, 2017 оны төсвөөс хэмнэсэн мөнгийг юунд зарцуулах гэж байгааг илүүтэй сонирхож байлаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,  Ажлаа аваад дөрөв хонож байна. Энэ хугацаанд ОУВС–тай ярилцаж тохиролцоод төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулалд 300 мянган төгрөг олгохоор тохирсон.

Өөрөөр хэлбэл, 192 мянган төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн олговор олгоход 55 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа.

ОУВС-тай хийсэн гэрээний дагуу бид 2019 он хүртэл төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг царцаахаар тохирсон байсан. Гэвч 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг огт хөдлөөгүйн дээр инфиляцийн түвшин огцом нэмэгдсэнтэй холбогдуулж бид эхний ээлжинд нэг удаагийн олговор олгохоор тохирсон. Мөн цаашид төрийн албан хаагчдын цалин, урамшууллын асуудлаар ОУВС-тай яриа хэлэлцээр хийхээр зэхэж байна гэж байлаа.

Мөн тэрбээр 2017 оны төсвийн тодотголоор хэмнэгдсэн мөнгө бүхэн төсвийн алдагдлыг бууруулахад чиглэж байнааг онцлоод, төсвийн хэмнэлт бүхэн арилжааны банкнаас авах өндөр хүүтэй зээлийг бууруулж байгаа гэдгийг гишүүдэд тайлбарлаж байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хөрөнгө оруулалтын жагсаалтад багтаагүй, УИХ-аас батласан төсөвт суугаагүй нэг ч хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэхгүй, төсвийн салхилга батыг хатуу сахина гэдгээ энэ үеэр мэдэгдсэнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж байв. 

Дараа нь УИХ-ын Байнгын хороод, дэд хороод, Ажлын хэсэг,  Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн хувьд Ажлын хэсгээс оруулсан зарчмын зөрүүтэй саналыг илүүтэй дэмжлээ. Тухайлбал, Ажлын хэсгээс төсвийн урсгал зардлыг бууруулах талаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрт улсын төсвөөс нэмж олгохоор тусгасан 72,550.0 сая төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64,3 хувь нь дэмжив. Мөн төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх талаар “ 2017 оны төсвийн давсан орлогоос  төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой холбоотойгоор урсгал зарлыг 54,962.7 сая төгрөгөөр нэмэгдүүлж, холбогдох төсвийн ерөнхий захирагчдын төсөвт өөрчлөлт оруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Түүнчлэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, бариилга байгууламжийн жагсаалтад өөрчлөлт оруулах “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар батлагдаагүй боловч төсвийн тодотголын хөрөнгө оруулалтын жагсаалтад шинээр нэмэгдсэн, саналын томъёололын хавсралт 1-д тусгагдсан 43 тэрбум 923.7 сая төгрөгийг төсөвт өртөгтэй, 16 тэрбум 435.4 сая төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 11 төсөл, арга хэмээг Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4  хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Мөн Батлан хамгаалах сайдын багцын  хөрөнгө оруулалтын жагсаалтад шинээр нэмэгдсэн “Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор худалдан авах, хэрэгжих хугацаа 2017-2017 он, төсөвт өртөг 19 тэрбум 931.1 сая төгрөг, 2017 онд санхүүжих дүн 19 тэрбум 931.1 сая төгрөг” гэсэн төсөл арга хэмжээг хасах, үүнтэй холбоотойгоор дээрх цогцолборыг худалдан авахад шаардагдах албан татвар, зээлийн хүүгийн зардалд тусгагдсан 5 тэрбум 177.0 сая төгрөгийг тус сайдын багцын урсгал зардлаас хасах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85,7 хувь нь дэмжлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн уг асуудлын талаар  Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, “Энэ асуудал Батлан хамгаалах яаманд зайлшгүй хэрэгцээт тоног төхөөрөмж биш. Үүнийг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ТОСК авсан, Хөгжлийн банктай холбоотой,  манайд түр хадгалуулж байгаа төдий л асуудал. Иймд та бүхэн сайдын багцаас хасахыг хүсье” гэж байлаа.

Харин Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад “Ахмадын өргөөний барилгын үлдэгдэл санхүүжилт (Өвөрхангай Арвайхээр сум) хэрэгжих  хугацаа 2017-2017, төсөвт өртөг 450.0 сая төгрөг, 2017 онд санхүүжих дүн 450,0 сая төгрөг гэсэн төсөл, арга хэмжээг нэмж тусгахыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дэмжсэн хэдий ч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 57,1 хувь нь дэмжсэнгүй.

Ингээд Ажлын хэсэг, УИХ-ын гишүүд, Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хурааж дууссаны эцэст Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.