"Дархан нэхий"-гээс арван жилийн өмнө хөндийрсэн
Бондын зарцуулалтыг шалгах ажлын хэсгийн гишүүд Хөгжлийн банкны шалгалтын дүнг олон нийтэд мэдээлснээс хойш нэг нэгээ харлуулах, хувьцаа эзэмшдэг компаниудынх нь нэрийг барьж баалах хандлага ойрын өдрүүдэд их гарах болсон.
Тухайлбал, МАН-ын гишүүдийг бондын хөрөнгөөс их хэмжээний зээл авсан гэх сөрөг мэдээлэл гарч буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа. Түүнийг Дархан нэхий компанид хувьцаа эзэмшдэг төдийгүй бондын хөрөнгөөс 14 тэрбумыг хувь эзэмшдэг компанидаа авсан гэх мэдээлэл гараад байгаа юм.
-Танай намын зарим гишүүн Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг нийтэд мэдээлснээс хойш “Өөрсдөө бондын мөнгөнөөс санхүүжилт авчихаад ажлаа хийгээгүй” гэж их ярих боллоо. Тухайлбал, таныг Хөгжлийн банкнаас 14 тэрбумыг “Дархан нэхий” компанидаа оруулсан гэх юм. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Бид улс орныхоо ирээдүйд хэрэгтэй стратегийн гэх томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, дэд бүтцийг санхүүжүүлэх, үндэсний гэсэн том аж үйлдвэрийн суурийг бий болгох үүднээс Хөгжлийн банкийг байгуулсан. Бид энэ банкны нэрээр олон улсын зах зээлээс хэд хэдэн удаагийн оролдлогоор олон тэрбум ам.доллар цуглуулж чадсан. Евробондын 600, “Чингис” бондын 1.5 тэрбум, “Самурай” бондын 300 саяыг тус тус зээлж авсан байдаг. Энэ бол багагүй мөнгө. Гэтэл энэ мөнгийг гурван жилийн хугацаанд захиран зарцуулаад дуусч байна. Ирэх жилээс үндсэн төлбөрийг нь бид төлж эхэлнэ.
Өнөөдрийн байдлаар зөвхөн бондын хүүд гэхэд 970 орчим тэрбум төгрөг төлж байгаа. Ирэх онд их наядаар төлнө. Тийм болохоор энэ төсөл хөтөлбөрийг зөв зүйлд зарцуулсан уу, авсан зээлээ эргүүлэн төлөх чадавхтай байна уу. Улс орон, хойч үед хэрэгтэй, дарамт болохгүй ажил хийсэн байх нь гол шалгуур шүү дээ. Олон түмэн үүнийг их анхаарч, нэхэж, шаардаж байгаа учраас МАН-ын бүлэг энэ асуудалд онцгой анхаарч, бонд болон зээлийн зарцуулалтыг олон түмэнд нээлттэй болгохын тулд санаачлага гарган ажиллаж байна.
Энэ бол Монголын бүх ард түмний мэдэх эрхэд нийцүүлсэн санаачлага гэж ойлгож болно. Намайг “Дархан нэхий” хувьцаат компанитай холбон ярьж байна. Гэтэл энэ бол Монгол Улсын ууган үйлдвэрийн нэг. XX зууны үед хийж чадсан, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эцэслэн боловсруулах зорилготой, улс орны нэр нүүр болсон томоохон үйлдвэр. 1990-ээд оны эхээр энэ үйлдвэрийг бүрэн хааж, хаалгаа барьсан байдаг.
Ингээд бүх ажилчнаа тараагаад, цахилгаан, дулаан, усаа салгаад таван жил гаруй зогссон юм. Энэ үед бидний хэсэг нөхөд үндэсний томоохон үйлдвэрийг босгох ёстой гэдэг үүднээс хүсэл зоригоороо нэгдэж, “Дархан нэхий” гэдэг том төслийг хэрэгжүүлснээр үйлдвэрийг босгож чадсан. Гэтэл тэр үед энэ үйлдвэр шувууны үүр болчихсон байсан юм шүү дээ. Дээвэр, цонх нь хагараад хоосон хонгил болсон байсныг бид төрхөнд нь оруулсан.
Хөрөнгө оруулсан, техник технологийг нь шинэчилсэн, олон зуун ажлын байрыг шинээр бий болгож чадсан түүхтэй. Энэ бол 1990-ээд оны сүүлч 2000 оны эхэн үе. Үндсэндээ 10 жилийн өмнө Ж.Энхбаяр гэдэг хүн “Дархан нэхий” төслийг амжилттай хэрэгжүүлээд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулчихаад буюу 10 жилийн өмнө энэ төслөөс өөрийн эзэмшдэг хувь хэмжээгээ зараад гарсан.
-Тэгэхээр та энэ компанитай одоо огт хамааралгүй юм байна, тийм үү?
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
-“Дархан нэхий" компанийнхан эсэргүүцэл гаргасан байна. "УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болон түүний гэр бүл манай компанитай хамаагүй бөгөөд ямар нэг хувьцаа эзэмшиж, үйл ажиллагаанд оролцдоггүй" гэдгийг дурджээ. Дөнгөж сая Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс тодруулга авсан / албан тоот харуулав/. Эндээс "Дархан нэхий" компанид таны нэр дээр хувьцаа байхгүй байна. Жич: Дархан нэхий хувьцаат компани нь сая 105 мянган ширхэг хувьцаатай, 3727 хувьцаа эзэмшигчтэй, үндэсний хувьцаат компани" гэсэн мэдээлэл ирүүлсэн. Энэ бүхэн таны асуултын хариулт болох байх. Товчхондоо, одоо би энэ компанитай огт хамааралгүй болсон.
•Тэгвэл та “Дархан нэхий” компаниас өөр байдлаар ямар нэг бизнестээ дэмжлэг болгох үүднээс Хөгжлийн банкнаас зээл, тусламж авсан юм уу?
-Нэг зүйлийг хариуцлагатай хэлье. Би хувьдаа төсөвтэй холбоотой бизнес, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй. Төрийн ямар нэгэн худалдан авалт болон тендер шалгаруулалтад ямар ч байдлаар оролцдоггүй. Энэ бол улс төрд байх том шалгуур, шаардлага болж байдаг. Ингэж байж бусдад шаардлага тавьж, хяналтыг хэрэгжүүлдэг. Ингэснээр олон түмнийхээ өмнө элч төлөөлөгч болох үүргээ гүйцэтгэнэ шүү дээ. Түүнээс УИХ гэдэг эрх мэдлээр дамжуулж, мөнгө хөрөнгөтэй болох, улсаас төсөв хөрөнгө авах, аливаа тендерт оролцож ялах зэрэг буруу санаа өвөрлөж орж ирдэг газар биш. Энэ бол миний баримталдаг зарчим.
-Эрүүгийн хуулиас цаазын ялыг халах талаар танай байнгын хороо хаалттай хуралдсан тухай мэдээлэл байна. Ер нь цаазын ялыг халах талд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Монгол Улс цаазын ялгүй орон болно гэдэг Ерөнхийлөгчийн санаачлага бий. Төрийн тэргүүн энэ санаачлагаа олон улсад мэдэгдчихсэн. Тиймээс ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Монгол Улс цаазын ялыг хэрэгжүүлсэнгүй. Энэ бол хоёр талтай асуудал, Хүнийг цаазлах амархан. Энэ ялыг насан туршид нь гянданд хорих ялаар сольж байгаа. Аль нь хүнд их зовлонтойг нь бодох хэрэгтэй. Тэгээд ч нийгэмд үзүүлэх нөлөө нь ямар байх нь чухал. Би хувьдаа насан туршид хорих нь нийгэмд илүү нөлөөтэй гэж харж байгаа.
Өнгөрсөн 7-8 жилийн хугацаанд манай улс цаазын ялыг хэрэгжүүлэхгүй жигдрүүлчихлээ. Нөгөөтэйгүүр, манай улс цаазын ялгүй орон гэдгээрээ олон улсад танигдаад ирлээ. Тиймээс хүн хийсэн хэргийнхээ төлөө гянданд бүх насаараа байх ямар вэ гэдгийг харуулах нь чухал юм. Ерөөсөө л залуу үеийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал. Насан туршид гяндангийн хэдхэн ам метрт бүх насаа өнгөрүүлнэ гэдэг том шийтгэл. Тэгэхээр хүн хийсэн гэмээ ухаарч, бүх насаараа хоригдоно гэдэг бол том шийтгэл шүү гэдгийг ч ухамсарлах хэрэгтэй.
-Хэдий тийм ч цаазын ялгүй болчихоор онц хүнд гэмт хэргийн тоо ихсэх хандлагатайг зарим хуульч хэлдэг. Тэгээд ч сүүлийн үед гэмт хэрэгтнүүд улам л хэрцгий болоод байна шүү дээ?
-Энэ хоёр талтай л асуудал. Жишээлбэл, хүмүүсийг бөөнөөр нь цаазалж байгаа бичлэг хэвлэл мэдээллээр өдөр бүр гарч байна. Тэнд их цус урсч, гэмт хэрэг гарч байна. Тэгэхээр бид залуу үедээ гэмт хэрэг хийвэл гарах үр дүнг чи ийм ял сонсоно гэдгийг ойлгуулах чухал. Ерөөсөө л нийгэмд хүрэх талаас нь шийдвэр гаргачихвал олон нийтэд эерэг талаасааа тусах болов уу л гэж харж байгаа юм. Ингэхгүйгээр улстөржөөд цаазын ялыг байхгүй болгочихлоо, хэн ингэв гэх мэтээр яриад байж болно. Гэхдээ эцсийн дүндээ аль нь бидний ирээдүйд хэрэгтэй юм бэ гэдгийг харах нь л чухал.