МАН-ын манлай
Монгол Ардын намын дарга М.Энхболд
2015.12.03

МАН-ын манлай

Монгол Ардын намын дарга М.Энхболд сүүлийн үед хэвлэлд олонтаа ярилцлага өгч, нээлттэй ажиллах зарчмыг гол болгоод байгаа. Түүний хувьд МАН-ын даргын албыг хоёронтоо хашиж, намынхаа нөхдийн “дэмжлэг”-ээр албанаасаа бууж ч үзсэн туршлагатай улстөрч.

Анх тэрбээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэдгээрээ олонд үнэлүүлэх, баалуулахын аль алиныг нь хүртэж явсан. Харин энэ удаад сөрөг хүчний даргын албыг хаших гэж багагүй шүүмжлэлд өртөж буй. Тодорхой хэлбэл насаараа дарга байж, эрх мэдлийн амтыг арван хуруу шигээ мэдэрсэн түүнд намынхаа нөхдийг цөөнхийн үүрэгт нэгтгэнэ гэдэг бэрх даваа байсан байж таараа. Мэдээж энэ бэрхшээл зөвхөн намынх нь нөхдөд төдийгүй өөрт нь ч тулгарсан байж болох. 

Улмаар Ардчилсан намтай эвсэж нэг, эвдрэлцэж нэг үзсэн нь хувь улстөрийнх нь хувьд хоёрдмол дүгнэлт хийхэд хүргэсэн. Гэсэн ч түүнийг хүлээн зөвшөөрсен ч, эс зөвшөөрсөн ч өнөө цагийн улстөрчдийн дунд чансаа өндөртэй гэдгийг нь үгүйсгэж боломгүй. Цаашлаад УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-ыг удирдаж орно гэдэг утгаараа МАН-ынхан хүссэн хүсээгүй түүнийг тугаа болгох нь гарцаагүй юм.

Иймээс ч тэрбээр www.itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Тойрогтоо нэр дэвшээд, олон түмэндээ нүүрээ харуулаад, тэднээрээ дүнгээ тавиулаад явах нь шулуун шударга, зөв байх гэсэн бодол байгаа. Гэхдээ намын эрх ашиг, намын хамт олны шийдвэр бол хувийн бодлын дээр эрэмбэлэгдэх ёстой. Тэр тусмаа намын дарга” хэмээж. Эндээс харахад түүний хувьд ирэх сонгуульд жагсаалтыг тэргүүлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй юм. Товчхондоо УИХ-ын 2016 оны сонгуулийн “МАН-ын манлай” хэмээн дүгнэхэд шүү дээ.