Тамирчин уу, Бизнесмэн үү, Төрийн түшээ юу, Зураач уу?
Оршил
Дүрслэх урлагийн дунд сургууль дүүргэсэн зураач залуу Хотын урчуудын эвлэлийн хороонд бийр түшиж, улмаар Улсын шигшээ багт хөлсөө гаргаж, нийгэм хаалттай үед олон улсын тэмцээнд явахдаа наймаа хийж, цаашлаад бизнест санаагаа шургуулж, арван долоон чингэлэг спиртын хэрэг мандахад Монгол Улс даяар од болж, бэл зузаарахын цагт улстөрд хөл тавьсан Халтмаагийн Баттулга гэгч чухам хэн бэ гэх асуултын хариулт хэзээ ч бүрэн дүүрэн гарахгүй.
Чухам яах гээд, юу хийх гээд байгаа нь мэдэгдэхгүй цөөн түшээдийн нэг бол Х.Баттулга. Нээлттэй юм шиг хэрнээ нээлттэй бус. Гол төлөв л бороо шороо алийгаа хайрлах нь мэдэгдэхгүй дүнсийн байх тэнгэр шиг суух энэ нөхөр улстөрд хэрэгтэй юу, тэр бизнестээ хэрэгтэй юу гэдэг талцал нийгэмд нэгэнтээ бий болжээ. УИХ-ын гишүүн байсан ч “женко” гэх. Сайдын суудалд багагүй хугацаанд заларсан ч бизнесмэн гэх нэрнээс нь огт салгаж нэрлэхгүй байгаагаас харвал ард олон бизнес талд нь илүүрхэн харж байна. Аргагүй тэр хар багаасаа бизнест хүч үзсэн наймааны одтой нэгэн учраас ийн бодохоос өөр аргагүй.
Магадгүй тэр ерөөсөө улстөрч биш гэдгийг түмэн олон харчихаад ийн талцаад байж болох юм. Тэгэхээр цаасан дээр маргаан дэгдээж, таамаг дэвшүүлж байхаар шуудхан л Х.Баттулга гэгч ингэхэд улстөрч үү, бизнесмэн үү, тамирчин уу, зураач уу гэдгийг бүгдээрээ тал талаас нь аваад үзье. Уг нь бол бүгдийг нь дамжсан хүн бол тэр. Ямартай ч тэр бол хүн бүхэнд байхгүй олон талд амжилттай хөдөлмөрлөсөн хүн. Чухам ямар замаар явж хүрэв гэдэгт л хамаг учир бий.
Улстөрч Х.Баттулга
Уг нь бол дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тэргүүлэх зэргийн бизнесмэнүүд нь бараг сайдаасаа дээгүүр суудалтай хийгээд төр түмнийхээ хүндлэлд нэгэнт орчихсон нөхөд байдаг юм гэнэ. Х.Баттулгын хэмжээний бизнесмэн бол Үйлдвэр худалдааны, Барилга хот байгуулалтын гээд яамд дамжаад байхааргүй аж. Харин манай улсад эсрэгээрээ. “Муу хар луйварчин”. “Муу панзчин” гэх зэрэг бол энүүхэнд. Өнөөх л социалист нийгмийн үеийн сэтгэлгээний үлдэц ч бий байх. Нөгөө талаар хөрөнгөжсөн нэгэн улстөрд орчихоор ийн ад шоо үзэгддэг байж болох юм. Аль аль нь бий болов уу. Яагаад гэхээр манай бизнесмэн улстөрчид өөрсдийнхөө наймааг улстөрөөр дэмжсэн факт баримт олон бий шүү дээ.
Архины бизнест тэргүүлдэг нөхрөөс эхлээд ноос ноолуурын, тамхины гээд нэрлэж дуусахгүй олон хүн УИХ-д бий. Тодруулж болно,оо. Архи үйлдвэрлэгч Г.Батхүү нарын, тамхи үйлдвэрлэгч Ц.Дашдорж нарын, ноос ноолуураас томорч уул уурхайд ч хувь хүртэх болсон Сү.Батболд нарын, Зочид буудлын бизнес эрхлэгч Д.Эрдэнэбат нарын, газар тариалангаас томорч уул уурхай руу орсон С.Баярцогт, барилга орон сууцны бизнес эрхлэгч Б.Чойжилсүрэн нарын, замын бизнесмэн Б.Гарамгайбаатар нарын, банкны салбарт тэргүүлэгч Х.Баттулга өөрөө болон Д.Сумъяабазар нарын, зэвсгийн наймаа эрхлэгч Лу.Болд нарын гээд манай парламент тэр чигтээ хууль номын дагуу буюу хууль бус наймаа эрхлэгчид.
Эсвэл баар савны эзэд, бүс малгай болсон цолтой цолгүй уяач, бөхчүүдээр дүүрсэн учраас ийн хэлэхээс өөр аргагүй. Энэ утгаараа бол Х.Баттулга болон манай парламентчид улстөрч биш, бизнесмэн байх нь. Түүний бизнес ч туулсан зам нь ч дээрх этгээдүүдтэйгээ адилхан. Уг нь тэр “АПУ” Г.Батхүүтэй ноцож архи тамхины хууль гаргаж шогтоод байх хэрэггүй байсан байх. Их яривал өөрөө ч 17 чингэлэг спиртны хэргээр дуулиан дэгдээж л байлаа. Цагтаа өөрөө ч “АПУ”-гийн хувьчлалд орох гээд чадаагүй, Г.Батхүүдээ алдсан юм билээ. Ямар ч холбоогүй байсан бол юундаа олон сараар гадаадад бүгэв гэж. Юутай ч түүнийг үүнээс хойш нь улстөрч байлгах гээд хичээе.
Гэхдээ л болохгүй тал түүнд олон бий. Үйлдвэр худалдааны сайдаар ажиллахдаа өөрийнхөө бизнесийг дэмжсэн гэж ярьж бичдэг. Учир нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа хэрэгжүүлсэн “Үнэ тогтоворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гурилын үнийг барих зорилгоор нийт 61 тэрбум төгрөг олгосонд түүний нэр ч бас дуулдаж байв. Мөн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга энэ хөтөлбөрийн хүрээнд махнад зориулж олгосон 87 тэрбум төгрөгөөс ч хүртсэн тухай хэвлэлүүд бичиж байв.
Түүнчлэн Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдаар ажиллахдаа төмөр замын нууц гэрээ хийж тойрон хүрээлэгчдийнхээ бизнесийг дэмжинэ гэхээр түүнийг сайд гэж харж боломгүй. Яг энэ цаг дор төмөр замын нууц гэрээний хэрэг ид дэгдэж түүний танил талыг цагдан хориод эхэлчихсэн. Бидний санаанд багтамгүй их мөнгө болох 42 сая ам.долларыг Х.Баттулга нарын таван хүний дансаар орсон хэмээн хэвлэлүүд шуугиж байна. Тус хэвлэлүүдийг Х.Баттулга шүүхэд өгөхөөс эхлээд ид дуулиантай. Энэ тухайд мэдэх юм алга. Шүүх үнэн мөнийг нь тогтоож таарна. Өнөөдрийн болж байгаа төмөр замын гэрээний тухайд олон жилийн өмнө Ц.Нямдорж гаргаж ирсэн. Аанай л Х.Баттулга гүтгэлэг хэмээн үзэж, нэр төрөө сэргээлгэхээр Увсын Ц.Нямдоржийг шүүхэд өгсөн ч гүтгэсэн гэх этгээд нь ямар нэгэн байдлаар буруудлаа гэж лав сонсоогүй.
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Шинэ сум” төсөл хэрэгжүүлээд Баянхонгор аймгийн ганц хоёр сумыг үнэн сайхан болгожээ. Даанч цаана нь бизнес үнэртлээ гээд өнөөх л сайхан ажлыг нь харлуулчихна. Төмөр замын төсөл өргөн барина, аанай л мөнгө төгрөг нь хувийн данстай хутгалдаад бизнес рүү орчихно. Яаж ч бодлоо түүнийг улстөрч гэж харамгүй.
Бизнесмэн Х.Баттулга
Манайх шиг жижиг зах зээлтэй оронд үнэнч шударгаар бизнес хийх ямар ч боломжгүй гэдгийг зовлон туулсан бизнесмэнүүд байнга ярьдгийг эхлэн дурдах нь зүйн хэрэг. Тэр тусмаа төрийн өндөр дээд албан тушаалтнуудтай холбоо сүлбээгүй бол бүтэх ажил биш гэдгийг ч нэгэн дуугаар зөвшөөрдөг.
Энэ ч утгаар бизнесийн салбарт хамгийн амжилттай яваа нөхөр бол Х.Баттулга. Мэдээж 2004 онд улстөрд хөл тавьснаас хойш түүний бизнесийн ажиллагаа өргөжин дэвжсэн. Зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө тэр Улсын шигшээ багийн тамирчин байсан учраас гадаад дотоодын тэмцээн уралдаанд чамгүй оролцож амжилт үзүүлсэн нэгэн. Энэ үеэсээ л тэр ил далд наймаа эрхэлж эхэлсэн гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэднэ. Бизнес гэх үгийг огт мэдэхгүй байхад тэр эхлүүлчихсэн байсан. Ийнхүү гадна дотны жуулчдад бага зэргийн зүйл борлуулахаас бизнесийнхээ гарааг эхэлж байсан “Женко” маань 1992 онд “Женко” компанийг үүсгэн байгуулж бизнесээ өргөтгөсөн. Ийнхүү 1997 оноос “Баянгол” зочид буудлын гүйцэтгэх захирал, 2000 оноос “Мах импекс” компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан гэхээр түүний бизнес туулсан замнал нь улстөрчийнхөөсөө илүү сонирхолтой томорч харагдана. Өдгөө дээр дурдсан бүхий л ААН-үүд түүний дансанд байгаа гэхээр асар баян хүн.
Дээр дурдсан “Мах Импекс” ХХК ч цагтаа хувьчилж болохгүй үл хөдлөх хөрөнгийн жагсаалтад орсон байсныг тэр авсан. Гэтэл “Мах Импекс”-ийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга хувьчлан авав. Хувьчилж авахдаа хуйвалдаж, хууль зөрчин “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-ын цахилгааны төлбөрт өгөх ёстой байсан гурван сая ам.доллараар авсан гэдэг.
Түүний эзэмшдэг компани хөрөнгийг жагсаавал тоймгүй тоо гарна. Бидний мэдэх “Талх чихэр”-ээс эхлээд “Мах импекс” нийслэлчүүдийг хүнсээр таслаагүй үйлдвэрүүдийг тэр өөрийн болгож чадсан. Ингээд аанай л бидний мэдэх жараад онд байгуулагдсан “Баянгол” зочид буудал, өнөөх төрөөр дэмжүүлчихдэг “Милл хаус” гурилын үйлдвэр байна. Түүнчлэн "Коника-Минолта" "Жи-Эй-Жи" Монгол-Сингапурын хамтарсан хөрөнгө оруулалттай компани, "Женко тур бюро", “Чингэс хаан” хөшөө цогцолбор, “XIII Зуун цогцолбор”, “Гольф” цогцолбор, “Түмэн хишигтэн”, "Hartford Institute" Сингапурын vнэт цаасны зах зээл дээр бvртгэлтэй, бизнес менежментийн чиглэлээр боловсрол олгодог тэргvvлэгч байгууллага Хартфорд Институт, “Налайх” ХХК, “Нүүдэл трейд” ХХК, “Эмээлт” зах, “МИК эмээлт” ХХК, “ХИД” ХХК гээд дурдаад байвал олон бий. Ийм хөрөнгөтэй хүн “Эм Си Эс”-ийн Д.Оджааргалтай барьцахгүй яахав. Х.Баттулгын хувьд Д.Оджаргалаас төмөр замын төслийг ч харамлана, Тавантолгойг ч харамлана гээд түүнтэй байнга ил далд өрсөлддөг.
Тамирчин Х.Баттулга
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхий аварга хүнийг спортын гэж хэлэхгүй бол өөр хэнийг хэлэх вэ. Харин сүүлийн 20 гаруй жилийн бизнес, арав орчим жилийн улстөр нь түүний тамирчин гэх алдрыг үгүй хийсэн гэхэд болно. Харин тэрээр Жүдогийн улсын шигшээ багийг тэргүүлдэгтээ л тамирчин гэх алдраасаа арай ч хагцаагүй сууна. Гэсэн хэдий ч нийгмийн нэг хэсэг нь мөнгөтэй улстөрч спортод элэгтэй сэтгэлээр хандлаа гэх харах элбэг. Үнэн хэрэгтээ сүүлийн жилүүдэд жүдо бөхийнхний үзүүлж байгаа амжилт бол түүнтэй салшгүй холбоотой.
Тив дэлхий, олимпийн аварга шил дараалан төрж байгаа нь Х.Баттулга гэдэг хүний сэтгэл зүрхний угаас биелэлээ олсон бодит ажил гэхэд хэтийдсэн хэрэг болчихгүй. 1989 онд Монгол Улсад дэлхийн цомын аварга болоход тэрээр цомын аварга болж хотын дарга байсан Б.Энэбиш түүнд дөрвөн өрөө байр өгч байсан гэдэг. Хожмоо өөрийнх нь хүүтэй улстөрийн талбарт өрсөлдөнө гэж санаагүй байх.
Ийн дэлхийн аварга болсныхоо дараа 1984 онд аавынхаа сумын наадамд ногт ганзагалж очсон гэдэг. Бодоход дэлхийн аварга хүн сумын наадамд түрүүлнэ гэж бодсон бололтой. Даанч сумын заан Жигдэн гэх хүний хорьсон ч хийдэг хориогүй ч хийдэг дархан мэхэнд нь унаж байснаа тэрээр өөрөө дурдсан билээ. Х.Баттулга бол яах аргагүй дэлхийн данстай бөх. Тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Мөн дэлхийн цомын тэмцээнээс мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан гэдэг.
Зураач Х.Баттулга
Дүрслэх урлагийн дунд сургуулийг 1982 онд дүүргэсэн хүү Хотын урчуудын эвлэлийн хороонд дагалдан зураач болсон аж. Шинэ тутам зураачид хамгийн ойр, тусалж дэмждэг хүн нь зураач С.Лувсанзундуй байсан гэдэг. Тэрээр нэгэнтээ миний бизнест амжилт үзүүлэхэд нөлөөлсөн хамгийн том зүйл бол зураг. Дүрслэх урлагийн сургууль төгссөний буянаар би оёдол хийж, дизайнаа өөрөө гаргах гээд их дөхөм байсан. Миний бизнес үүнээс үүдэлтэй шүү дээ. Их сайн багш нартай таараад, тэднийхээ заавраар л яваад байсан хэрэг” хэмээсэн нь бий. Түүний багш зураач С.Лувсанзундуй “Х.Баттулаг Дүрслэх урлагийн сургууль төгсөөд манайд ажилд орсон. Их хичээнгүй, чамгүй зурна. Даанч спорт хөөгөөд, сүүлдээ бизнес рүү орочихлоо. Надтай хамт өдөр шөнөгүй л зураг зурсан даа” гэж хуучилсан байна лээ. Ямартай ч түүнд өөрөөр нь овоглосон бүтээл гэж сонсоогүй. Мэдээийн хэрэг зураачийн хувьд бүтээл байж таарна. Улстөр бизнес нь давамгайлаад энэ мэт бүдгэрэх нь аргагүй. Ийм л нэгэн хүн эрээнтэй бараантай энэ нийгэмд янз бүр хэлэгдэж явна. Уншигч та дээрх зүйлээс ямар нэгэн зүйлийг олж харсан байж таарна. Тэр чухам Тамирчин уу, Бизнесмэн үү, Төрийн түшээ юу, Зураач уу гэдгийг өөрсдөө тунгаана биз ээ.