Ерөнхий сайд Тавантолгойн гэрээг сурснаараа Бээжиндэх гээд байна
УИХ дахь бие даагч гишүүд
2015.09.07

Ерөнхий сайд Тавантолгойн гэрээг сурснаараа Бээжиндэх гээд байна

Улсын их хурал дахь бие даагч гишүүд ээлжит бус чуулган эхэлсэн болон сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Бие даагч гишүүдийн хийсэн мэдээллийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Яамдад сайд байхгүйгээс ажил нь цалгардаж байна

Өнгөрсөн хоногуудад Ерөнхий сайд хөдөө орон нутагт ажиллахгүй байгаа нь Бээжинд хийх гэрээний бэлтгэл хийж байгаатай холбоотой гэсэн мэдээллийг бие даагч гишүүд өгсөн. Үүнд их эмзэглэж хүлээж авсан байна. Энэ их эмзэглэлийн дор бидний хэлсэн үг байгаа онолоо гэж үзэж байна. Үүний үр дүн ч гарлаа. Газар тариалангийн бүс нутгаар явж эргэнэ гэж байна лээ. Ямар ч байсан Бээжинд зуруулахааргүй болсон шүү. Та бидний хамтын үр дүн шүү. Монголын эрх ашигт нийцсэн гэрээ хийнэ гэдгээ ч Ерөнхий сайд хэлсэн. Монголын эрх ашигт нийцсэн гэрээ хийнэ, эх нутагтаа зурсан үр ашигтай гэрээ байх ёстой. Энэ талаар амлуулж чадсан нь үр дүнтэй байлаа гэж бид бодож байна.

Өнгөрсөн долоо хоногт төсвийн төлөвлөлтийн байдалтай Сангийн яаманд очиж танилцлаа. Ингэхдээ боловсролын салбарын хөрөнгө оруулалт, иргэдийн орлогын холбогдолтой асуудалд түлхүү анхаарсан. Өнөөдөр хямарч байна, иргэд орлогогүй болох тусам ядуурч байна. Малчдын ноос ноолуурын урамшууллын мөнгийг багасгахгүй байх тал дээр тодорхой шаардлага тавьсан. Мөн төрийн албан хаагчид ялангуяа багш, эмч нарын тэтгэвэрт гарахдаа авдаг нэг удаагийн тэтгэмжийн асуудлыг тусгаж оруулахыг шийдвэрлэхийг хүссэн.

Яамдад сайд байхгүйгээс ажил нь цалгардаж байгаа учраас энэ долоо хоногтоо Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудлыг анхаарах ёстой юм байна гэж үзэж байна. Яамны сайд гэдгийг одоо болж буй процессоос харвал бялуу хүртэх, сонгуульд бэлтгэх ажил гэж харж болохоор байна. Тэрнээс биш салбараа сайн авч явж байж улс хөгжинө гэдгийг ойлгохгүй байна. Шинэ цэцэрлэг сургуулийн асуудлаар өөр гишүүд хөөцөлдөөд явж байхад сайд нь сэтгэл зовохгүй, шинэ юм нээгдвэл очиж шоу хийж байна. Ийм байдлаар л яамдын удирдлагууд ажиллаж байна.

Ирэх жил бид гурван их наяд гаруй төгрөгийн зээл төлнө. Төсвийнхөө талаар өрөө барагдуулна гэсэн үг. Ингэж л МАНАН улс орныг авч явдаг юм байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Дандаа мэргэжлийн бус, дандаа давхар дээлтэй сайдууд томилогдох нь ээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа аваад сар гаруйн дараа хоёр толгойг хөдөлгөе гэж Монголын утас барьдаг бүх хүмүүст мессеж илгээсэн. Бид энэ үед их гайхаж байсан юм. Учир нь Тавантолгойн гэрээг ямар муу хувилбараар УИХ руу оруулж ирэв. Оюутолгойн далд уурхайн зардлыг анхны гэрээгээр 1.5 тэрбум доллар байсныг гурав дахин ихэсгэсэн. Энэ зардал хөрөнгө оруулалт нэрээр ихсээд байвал Монголын хүртэх ашиг улам бүр алс болно. Анхан шатны баримтгүй зардлыг хүлээн зөвшөөрсөн. Үүний хор уршгаар Монгол Улс одоо Оюутолгойгоос 4.8 хувийг хүртэж байна. Ардчилсан намын дугардаг хэд нь чимээгүй, Ардын намынхан бүлх залгисан юм шиг байна. Яагаад гэхээр энэ гэрээг Монголд ашиггүй байхаар хийсэн хүмүүс энд байна.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар зургаан сайдаа томилох гэж байна. Дандаа мэргэжлийн бус, дандаа давхар дээлтэй сайдууд томилогдох нь ээ. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд энэ Засгийн газрын толгойд өөрөө л байвал бусад төрийн бодлого алдагдсаныг харуулж байна.

Ээлжит бус чуулганаар Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Бие даагч гишүүдийн зөвлөл энэ хоригийг хүлээж авна гэдгийг мэдэгдье.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Тавантолгойн гэрээг Бээжиндэхгүй Улаанбаатардъя

Монголын уул уурхай цөөхөн хэдэн бүлэглэлийг ашигтай, баян байлгахад чиглэж байна. Бидний гол зорилго бол цөөн хэдэн хүн биш нийт ард иргэдэд ашигтай болгох. Боловсрол, эрүүл мэндэд, ажлын байранд хөрөнгө оруулалт хийгээч ээ гэж байна. Энэ утгаараа Оюутолгойн Дубайн гэрээ ямар ч ашиггүй.

Үүнийг бид маш олон үндэслэлээр гаргаж ирсэн. Тавантолгойн гэрээ маш ноцтой байна, энэ болгон дээр Ерөнхий сайд маань дахиад Тавантолгойн гэрээг сурснаараа Бээжиндэх гээд оролдож байгааг бид сэрэмжлүүлж байна. Есдүгээр сард хариу өгөхгүй бол Үндэсний аудитын газарт хандана.

Ард иргэд, эрдэмтэн, яамдын мэргэжилтэн, мэддэг хүмүүстэй зөвшилцөхгүйгээр дангаараа өөрийн өмч юм шиг Ерөнхий сайд Бээжиндэж болохгүй. Бээжиндэхгүй Улаанбаатардъя гэлээ.

Бие даагчдын зөвлөлөөс Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлага