Хууль зүйн байнгын хороо Шүүх байгуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2015.06.19

Хууль зүйн байнгын хороо Шүүх байгуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2015.06.18/ үдээс хойш хуралдан Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулсны дараа Ажлын хэсэг дэмжсэн саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Ажлын хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 5 дугаар зүйлийг “Энэ хуулийг Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж өөрчлөх саналыг дэмжин оруулж ирсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд дээрх саналыг 100 хувь дэмжин хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Үүний дараа Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Ажлын хэсгээр дэмжигдсэн 15 саналын томьёоллоор санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял хөнгөрүүлж оногдуулах, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар тусгасан төслийн 6.7 дугаар зүйлийг өөрчлөн найруулахаар санал оруулж ирсэн юм.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ялыг хэрхэн хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болох талаар төсөлд тусгасан бөгөөд санал олонхын дэмжлэг авсан юм. Тухайлбал гурав хүртэл жил, таван жил хүртэл, найман жил хүртэл, 12 жил хүртэл, 20 жил хүртэл хугацаагаар хорих ял тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн бол тухай зүйл, хэсэгт заасан хэмжээг хэрхэн хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, ямар хугацаагаар эрх хязгаарлах, албадлагын арга хэмжээ авахыг нарийвчлан заажээ.

Харин хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах, хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах, хүүхдээр гуйлга гуйлгах, хүүхдийг шийтгэх, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах, хүүхэд ашиглаж садар самууныг сурталчлах, эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр тэнсэж, эсхүл ялаас чөлөөлж болохгүй байхаар заасан байна.

Ингээд ажлын хэсгээс танилцуулсан саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээнУИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.