Налайхчууд амьдрал мэддэг, асуудал шийддэг хүн сонгоно
2015.06.12

Налайхчууд амьдрал мэддэг, асуудал шийддэг хүн сонгоно

Нийслэлийн дагуул хот болох Налайх дүүргийн захирагчийн сонгууль ирэх ням гаригт буюу энэ сарын 14-нд болно. Үүнтэй холбоотойгоор тус дүүрэгт сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна.

Сонгуульд нийт найман хүн нэр дэвшиж байгаа юм байна. Нэр дэвшигчдийн зурагт хуудас, ханын самбар, мөрийн хөтөлбөр, ажиллаж, амьдарч байсан газрыг сурталчилаагүй гудамж, талбай гэж бараг алга. Зөрөөд өнгөрсөн хүн бүр сонгуулийн тухай ярьж, машин бүрт зурагт хуудас наасан харагдана.

Хот, тосгоны захирагчийг сонгох буюу огцруулах журмын дагуу захирагчид нь улс төрийн намуудаас биш, дүүргийн Иргэдийн тэргүүлэгчдийн хурал болон хороодын иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшүүлэхыг зөвшөөрдөг. Энэ журмын дагуу Налайх дүүргийн ИТХ-аас Ш.Хаан, VII хорооны Иргэдийн нийтийн хурлаас Б.Баяндэлгэр нар өрсөлдөж байна. Мөн бие дааж нэр дэвших боломжтой.

500 сонгогчийн дэмжлэг авч бие даан нэр дэвшсэн нэлээд хэдэн хүн байна. Тухайлбал, Д.Батбаатар, Д.Цогоо, Н.Мануул, Г.Болдбаатар, Б.Ганболд, Ц.Минжинхүү, МАХН- МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн ахлагч Н.Баяраа нар нэр дэвшжээ. Захирагчийн сонгууЛийг Налайх дүүргийн I, II, III, IV, V, VII дугаар хорооны хэсэгт хороо тус бүрт байгуулсан бөгөөд хэсгийн хороог тухайн хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэс, Налайх хотын эдэлбэр газрын заагаар хязгаарлаж тогтоожээ.

Налайхчууд захирагчийн сонгуульдаа тун их ач холбогдол өгч байна. Тэдний олонх нь тус дүүрэгт амьдарч байсан, дүүргийн онцлог, иргэдийн амьдралыг илүү мэдэх тулхтай, туршлагатай, амьдрал мэддэг, асуудлыг шийдэж чаддаг хүнийг захирагчаараа сонгоно гэдгээ хэлж байв. Мөн өмнө нь төрийн албанд ажиллаж байсан багагүй туршлагатай, төрийн албаныхны хүнд суртлыг халж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хотыг хөгжүүлэх залуу хүнийг хотын даргаараа сонгоно гэдгийг дүүргийн иргэд онцлов.

Тиймээс нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, ажлын туршлага, иргэдтэй уулзах уулзалт зэргийг тун нарийн хэлэлцэж байгаа ажээ. Иргэдийн дунд оноо өндөртэй давхиж яваа нэр дэвшигчдийн дунд Налайх дүүргийн МАХН-ын дарга Н.Баяраа байна. 2012 онд МАХН- МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж, НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Нацагийн Баяраа иргэдийн сэтгэлд ихэд нийцтэй явна. Учир нь өмнө нь Налайх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан энэ залуу тус дүүргийн унаган иргэн юм байна.

Одоо Налайх дүүргийн МАХН-ын дарга, Налайх унаган залуучуудын холбооны ерөнхийлөгч гэсэн сонгуульт ажилтай ч иргэдийн эрүүл мэнд, эрүүл мэндийн байгууллага, эмч ажилтнуудын өмнө тулгамдаж буй олон чухал асуудлыг шийдвэрлэхээр нааш, цааш гүйж яваа, зарим ажлынх нь үр дүн харагдаж байна гэдгийг ахмадууд хэлж байв. Тэрээр олон улсын харилцаа, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй залуу байна. Энэхүү сонгуульд сонгогчдоос 50+1 хувийн •хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулах юм.