Р.Бурмаа: Санал худалдан авсан нь тогтоогдвол тангараг өргөсний дараа ч мандат хүчингүй болно
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.04.21

Р.Бурмаа: Санал худалдан авсан нь тогтоогдвол тангараг өргөсний дараа ч мандат хүчингүй болно

Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барихад бэлэн болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа.

-Сонгуулийн тухай хуулиар хоёр нам зөрүүтэй байсан санал бол сонгууль явуулах систем байсан. 2016 оны сонгууль ямар системээр явахаар хуулийн төсөлд тусгасан бэ? 

Системийн хувьд холимог буюу 28 нь жагсаалтаар, бусад нь тойргоос сонгогдоно. Гэхдээ өмнө нь нэг тойрогт олон мандаттай байсан бол энэ удаа нэг мандаттай байхаар хуулийн төслийг боловсруулсан.

-Өмнө нь жагсаалтаар орсон гишүүн дахин жагсаалтаар орох боломжгүй гэсэн яриа байгаа. Энэ талаар ямар нэгэн заалт орсон уу?

Жагсаалтаар УИХ-д орсон гишүүдээ дахин жагсаалтад оруулах эсэхийг намын дүрмийн дагуу, нам дотроо шийдвэрлэнэ. Яагаад гэвэл хэн нэгнийг сонгуульд нэр дэвшихийг хориглох нь хуулийн хувьд бэрхшээлтэй зүйл. Энэ талаар олон улсын хууль дүрмүүдэд судалгаа хийсэн. Ихэнх нь намын дүрэм журмаараа шийдээд явдаг юм байна.

Тойргоос сонгогдсон гишүүдэд орон нутагт ажиллах мөнгө гэж өгдөг бол жагсаалтаар орж ирсэн гишүүдэд тийм мөнгө байдаггүй.
-Сонгуулийн үр дүнг эргэлзээгүй баталгаажуулахын тулд хяналтын тооллого хийх шаардлагатай гэж олон хүн үздэг. Энэ талаар хэрхэн заасан бол? 

Өмнөх хуулиар бол санал тоолох автомат машины дүнг эцсийнх гэж үзэж, гараар тоолдоггүй байсан. Харин энэ удаа хуулийн төсөлд хяналтын тооллого хийх талаар нэлээд сайн тусгасан. Энэ дагуу Ерөнхийлөгч, УИХ болон орон нутгийн бүх шатны сонгуулийн үеэр гараар тоолох бөгөөд ямар үед хяналтын тооллого хийх талаар заасан. Тухайлбал, нэр дэвшигчдийн саналын зөрүү нэг хувь дотор байх юм бол заавал хүсэлт гаргалгүйгээр бүгдийг давхар тоолж болно. Энэ мэтчилэн хяналтын тооллогын талаар хуулийн төслийг өргөн барьж байгаа гишүүд нэлээд нарийвчилж ярьсан.

-Орон нутгийн сонгуулийн тогтолцоонд ямар өөрчлөлт орсон бэ. УИХ-ын сонгуультай зэрэг явуулах санал явж байгаа гэсэн? 

Тийм ээ. Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай нэг өдөр болохоор байгаа. Сонгуулийн явц, үйл ажиллагаа нарийвчилсан, ойлгомжтой байхаар хуулийн төсөл боловсруулсан. Орон нутгийн сонгуулийг тусад нь хийдэг байхад хөдөөгийнхний өвлийн бэлтгэлээ базаадаг ид ажлын үе таарснаар ажлыг нь цалгардуулдаг, чирэгдэлтэй байсан.

Тэгвэл энэ шинэ заалтыг оруулснаар УИХ-аас нэр дэвшиж байгаа хүнтэйгээ аймаг орон нутагт нэр дэвшиж байгаа хүмүүс нэг баг болоод, сурталчилгаагаа ч хамт хийгээд явах боломжтой. Танилцуулах материалаа л гэхэд нэг ном болгоод хэвлэчихнэ. Сурталчилгаанд явж байгаа хүмүүс нь ч гурван түвшинд нэр дэвшиж байгаа хүмүүстэйгээ хамт явах тул хөрөнгө мөнгөний хувьд ихээхэн хэмнэлттэй. Улсын хэмжээнд сонгуулийн зардал тэр хэмжээгээр буурна.

Системийнх нь хувьд нэг мандаттай буюу нэг тойргоос нэг хүн сонгогддог болно, сумандаа ч тэр, аймагтаа ч тэр. Өмнөх орон нутгийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсныг маш олон хүн шүүмжилж, саналаа ирүүлсэн. Тойргоос хүнээ сонгодог тэр хувилбар нь орон нутагт байх ёстой гэсэн санал зонхилсон учраас тэр хувилбараар явахаар боловсруулсан. Харин улс төрийн нам нэр дэвшүүлж оролцоно. Намаас гадна бие даан нэр дэвшиж болох хувилбарыг оруулсан.

-Сонгуулийн сурталчилгааны талаар ямар өөрчлөлтүүд орж байна вэ?

Сурталчилгааны хугацаа өөрчлөгдөөгүй. Харин нэг том өөрчлөлт гэвэл сонгуулийн сурталчилгааны зардлыг нэлээд багасгасан. Мөн үүнийг дагаад хяналтыг сайжруулсан. Тухайлбал, сонгуулийн зардал мөнгийг сонирхож байгаа талууд мэдээлэл авах боломжтой буюу бүх зардал нээлттэй, хяналттай байх талаас нь нарийн тусгаж өгсөн.

Ер нь сонгуулийн үеэр шууд бэлэн мөнгө гаргахаас илүүтэй, зохион байгуулалтын түвшинд яаж дэмжиж болох вэ гэдэг арга замуудыг хайж байгаа. Тухайлбал, нэр дэвшигчид хувийн хэвшлийнхэнд мөнгө төлж, сурталчилгааны самбар дээр зургаа байршуулахын оронд зам дагуух талбай болон шонгуудад сурталчилгааны самбаруудаа үнэгүй тавих эрхийг нь өгчихвөл тэр хэмжээгээр хэмнэлт бий болно.

Сонгуулийн үеэр баримтлах үнийн дээд хязгаарыг заахаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарцуулах мөнгөний хэмжээ багасна гэсэн үг. Сонгуулийн үеэр тараах материалыг хэсгийн хороод тараачихдаг болбол нэр дэвшигч ухуулагч хөлслөн баахан мөнгө тараах шаардлагагүй болно. Хэсгийн хороонд ажиллаж байгаа хүмүүс тэртэй тэргүй улсын төсвөөс цалин аваад ажиллах учраас материалыг нь тарааж болно. Энэ мэтээр зардлыг хэрхэн бууруулах тал дээр нэлээд анхаарч байгаа.

-Сонгуулийн маргааныг шуурхай шийдвэрлэдэг болно гэж УИХ-ын дарга З.Энхболд манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан. Энэ талаар тайлбарлахгүй юу?

Сонгуулийн маргааныг маш шуурхай шийддэг, манайд цоо шинэ гэж болох тогтолцоог оруулж ирж байгаа. Маргааныг хянан шийдвэрлэх агуулгууд нь, ямар хугацаанд, хэрхэн шийдвэрлэхийг тодорхой тусгасан. Өмнө нь сонгуулийн маргаан 2-3 жил үргэлжилдэг, гаргасан гомдлыг нь тойргийн хороод нь дарчих л юм бол тэгээд өнгөрдөг байсан. Тэгвэл Сонгуулийн тухай хуулийн төслөөр энэ маргаан заавал шийдэгдэнэ.

Мөн богино хугацаанд шийдэгдэх эрх зүйн орчин бүрдсэн. Сонгуулийн хороодод хэн ажиллаж байгаагаас шалтгаалж сонгуулийн дүн шийдэгддэг байсан бол одоо тийм асуудал байхгүй. Хоёр хэсгийн хороодод хэн орж, яаж ажиллаж байгаагаас үл хамааран сонгуулийн дүн гарна, хяналттай байна. Хэрэв маргаан гарвал талууд оролцож байгаад шуурхай шийддэг тогтолцоо бүрдэж байгаа.

-Намуудын санхүүжилтийн асуудал хамгийн ихээр анхаарал татаж байгаа байх. Энэ талаар та юу хэлэх вэ?

Сонгуулийн дараа тухайн гишүүний авсан санал тутамд 1000, УИХ-д авсан суудал бүрт 10 сая төгрөгийг улсын төсвөөс намуудад өгдөг. Гэвч энэ зардлыг чухам юунд зарцуулж байгааг эргээд хянадаггүй. Тэгвэл одоо хяналттай байх нь зөв гэж үзэж байгаа. Мөнгөний хувьд өөрчлөлт ороогүй.

-Жагсаалтаар сонгогдсон гишүүдэд энэ мөнгө хамаатай байх уу? 

Жагсаалтаар сонгогдсон байна уу, тойргоос сонгогдсон байна уу хамаагүй. Намуудад суудал бүрийн тоогоор 10 сая төгрөг очиж байгаа. Ялгаа нь тойргоос сонгогдсон гишүүдэд орон нутагт ажиллах мөнгө гэж өгдөг бол жагсаалтаар орж ирсэн гишүүдэд тийм мөнгө байдаггүй.

-Өөр онцлох ямар өөрчлөлт орсон бэ? 

Хариуцлагын хувьд нэг том өөрчлөлт орж байгаа. Сонгуульд оролцож байгаа улс төрийн намууд амандаа орсноо амладаг. Хүүхдүүдэд төдөн төгрөг, хөгшчүүдэд төдийг гэх мэтээр төсвийн мөнгийг урьдчилж амладаг нийтлэг алдаа гаргадаг. Тэрнээс нь болж улс орны эдийн засгийн байдалд хүнд нөхцөл үүссэнийг бид мэдэж байгаа.

Тиймээс ирэх сонгуулиас эхлээд улс төрийн намууд хуулийн хүрээнд амлалтаа өгнө. Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд ч үүнийг хязгаарласан. Тэр хүрээнд л амлалтаа өгнө. Хэрэв иргэн бүрт нэг сая төгрөг, 1.5 сая төгрөг өгнө гэдэг шиг амлалт өгвөл УИХ-ын сонгуульд оролцох эрхийг нь хасах бөгөөд сонгуулийн явц дунд ийм үйлдэл гаргавал тухайн хүнийг нэр дэвших ажиллагааг шууд зогсоох заалтууд орсон. Сонгуулийн ажиллагаанд оролцох хүмүүст ч энэ бүхэн хамааралтай. Элдэв янзын юм тарааж, сонгогчдын саналыг худалдан авч болохгүй. Өмнө нь сонгуулийн үед иргэдийн саналыг худалдаж авчхаад тангараг өргөсөн бол хариуцлагаас мултардаг байсныг нэлээд нарийвчлан тусгасан.

Өөрөөр хэлбэл, ард түмний сонголт бол тэр хүнийг сонгогдсоны баталгаа болно. Сонгуулийн үед хууль зөрчөөд, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасагдахуйц хэмжээний зөрчил гарсан нь тангараг өргөснийх нь дараа нотлогдвол мандат хүчингүй болно. Тангараг өргөсөн ч гишүүн гэж үзэхгүй. Яагаад гэвэл сонгогдсон гэж өгсөн мандат нь хүчингүй болсон гэдгээр нь хуулийн төсөлд нарийвчилж оруулж байгаа.