Р.Бурмаа: Та нарын сүрдүүлгээр ажил явахгүй шүү
Засгийн газрын гишүүн Р.Бурмаа
2015.02.04

Р.Бурмаа: Та нарын сүрдүүлгээр ажил явахгүй шүү

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн нөгөө асуудал нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны удирдлагууд, тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн төлөөллийг оролцуулан мэдээлэл сонсох байсан юм.

Хаврын тариалалт, намрын ургац хураалтын үед л олны анхаарлыг татсан сэдэв болдог газар тариалангийн асуудал дүн өвлийн хүйтнээр ч олны анхаарлыг татах болсон. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуйн яам, тариаланчид, гурил үйлдвэрлэгчид нэгдмэл байр суурьтай байж чадахгүй маргалдаж байгаа юм.

Ямар шалтгааны улмаас ийм зүйл болоод байгааг сонсох зорилгоор ийнхүү Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо бүх талыг оролцуулсан мэдээлэл сонсох ажлыг зохион байгуулсан нь энэ. Хүнс, хөдөө аж ахуйн яам, тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн төлөөлөл Байнгын хорооны хуралдааны үеэр дараахь байр суурийг илэрхийлсэн юм.

Р.Бурмаа (Хүнс, хөдөө аж ахуйн сайд): Цаашдаа зөвхөн Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан борлуулсан улаанбуудайнд урамшуулал олгодог болно. Ингэхгүй бол чанарын шаардлага хангасан, хангаагүй буудай тушаачихаад урамшуулал авах явдал тасрахгүй нь. Ер нь намайг ажил авахаас өмнөх хүмүүс хяналт шалгалтад сайн анхаарал хандуулж байгаагүй нь ажиглагдсан.

Тиймээс бүх талын төлөөллийг багтаасан улаанбуудайны чанарыг тогтоох комисс ажиллуулдаг болно. Үүний эхлэл болгож ажлын хэсэг гаргаад тариаланчдад бий гээд байгаа 40 мянган тонн улаанбуудайнд чанарын шалгалт хийе гэхээр буудайгаа үзүүлэхгүй байгаа. Ер нь Л.Цандэлэг тэргүүтэй тариаланчид арай хэтэрч байна.

Хүнийг хахууль авч байгаа мэтээр мэдээлэл хийж нэр төрд халдаж байна. Хувь хүний нэр төрд халдаад зогсохгүй төрөөс ямар ч дэмжлэг өгөхгүй байна гэх юм. Жишээ нь, Л.Чинбатын “Гацуурт” компани л гэхэд өмнө нь нэг тэрбум төгрөгийн зээл авчихаад түүнийгээ төлөөгүй байж Засгийн газраар баталгаа гаргуулаад хоёр тэрбум төгрөгийн зээл авчихсан байгаа. Ийм байж төрөөс дэмжлэг үзүүлэхгүй байна гэх хэрэггүй. Та нарын сүрдүүлэгээр ажил явдаггүй юм ш дээ.