Ч.Пэрэнлэй: Тариалангийн нийт талбайн 60 орчим хувь нь хөрсний элэгдэлд орчихсон
Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэй
2015.01.10

Ч.Пэрэнлэй: Тариалангийн нийт талбайн 60 орчим хувь нь хөрсний элэгдэлд орчихсон

Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэйтэй ярилцлаа.

- Эхлээд хоёулаа газар тариалангийн салбарт сүүлийн жилүүдэд гарсан ололтын талаар товчхон ярилцая

Газар тариалан сүүлийн 4-5 жилд эрчимжсэн. Мэдээж энэ маань “Атрын 3-р аянаас” эхлэлтэй. Хөтөлбөрийн шууд зохицуулагч Ерөнхий сайд байсан учраас ажил хурдан явагдаж 2008 оноос үр өгөөжөө өгч эхэлсэн.  2006 онд 74 хөн мянган тонн ургац авч байсан бол өнөөдөр 500 мянга гаргаад авч байна. Нэгдүгээрт бид газар тариалангийн эргэлтийн талбайг нэмсэн. 2005 онд бид 300-400 мянган га ашиглаж байсан бол одоо 700 гаран мянга болсон.  Хоёрдугаарт техник, технологийн шинэчлэл хийсэн. Гуравдугаарт Тариалан дэмжих сангаар дамжуулаад тариаланчдын хураасан ургацыг төр худалдаж авдаг болсон нь маш чухал алхам.  Тушаасан буудайнд нь төрөөс урамшуулал олгодог болсон нь тариаланчдын ажил эрхлэх  сонирхлыг нэмэгдүүлсэн.  Газар тариаланд орж ирэх хувь хүн, аж ахуй нэгжүүдийн тоо ч өссөн. Түүнчлэн байгаль, цаг уурын нөхцөл таатай болж дулааны нийлбэр сайжирсан. 

Ер нь газар тариалан өсч буурах нь амархан салбар. Тэгэхээр тогтвортой бодлого, дэмжлэг хэрэгтэй байдаг. Ялангуяа борлуулалт маш чухал.  Ямар ч улс үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд импортын нөлөөнөөс бүтээгдэхүүнээ хамгаалдаг.  Бид жилийн нөөцтэй болчихсон байтал гаднаас хямд үнэтэй гурил, будаа ороод ирэхээр энэ зах зээл цохигддог. Хэрэв импортын нөлөөнөөс хамгаалж чадвал газар тариалангийн салбар цаашдаа хөгжинө. 

- Газар тариалан, тэр дундаа төмс, хүнсний ногооны зах зээлд бүтээгдэхүүн хэрэглэгчиддээ ченжүүдийн гараар дамжиж өндөр үнээр очдог. Тэгэхээр үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрыг шууд холбож боломжийн үнээр борлуулах ямар арга байна вэ?

Төмс хүнсний ногооны борлуулалт бэрхшээлтэй байгаа.  Эдүгээ 40, 50 мянган аж ахуй нэгж, иргэд төмс, хүнсний ногоо тариалж байна. Хэрэв эд маань нэгдэж, хорших маягаар зохион байгуулалтад орж бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмбэл борлуулалтын үр дүнтэй сүлжээ бий болно. Түүнээс биш тус тусдаа портерт ногоогоо ачаад Улаанбаатарт зарах маягаар явбал хэцүү. Тээврийн зардлаасаа болж ченжүүдийн гарт ордог. Гэхдээ сүүлийн хоёр жилд хотын захиргаа яармаг, үзэсгэлэн худалдааг үе үе зохион байгуулдаг болсон нь сайшаалтай. 

Ер нь газар тариалангийн бүх секторт борлуулалтыг дэмжихийн тулд агуулахын аж ахуйг хөгжүүлэх нь зайлшгүй болж байна. Агуулахын аж ахуйн бүтээгдэхүүнийг банкууд барьцаалж зээл олгож эргэлтийн хөрөнгө өгдөг болсон цагт дэлхийн зах зээлийн жишигт нийцнэ. Ийм болоогүй байж ченж нарыг муулаад байж болохгүй. Одоогийн байдлаар ченж нарын ачаар л бид борлуулалт хийдэг. Түүнээс гадна ногоон дээр гардаг асуудал бол нөгөө л импортоос хамгаалах. Ногоо ховордоод ирэхээр Хятадын хямдхан ногоо ороод ирдэг.  Гуравдугаарт төмс, хүнсний ногоо тариалагчид голдуу өрхүүд байдаг. Зунжингаа зүдэрч гар аргаар ургуулсны эцэст намар нь жаахан орлого олдогТиймээс арьс, шир, буудайтай адил урамшуулал өгдөг болох хэрэгтэй. Га тутамд нь тодорхой хэмжээний мөнгө өгчихөд болно. Ингэвэл хоёр, гурван жилийн дараа төмс, хүнсний ногоогоор дотоодоо 100 хувь хангах болно. Одоогоор хангамж дөнгөж 50-60 хувьтай байна. Яагаад гэвэл хөрөнгийн эх үүсвэр муутай, дандаа гар ажиллагаатай байдаг.  Урамшууллын талаар манай холбоо олон жил хөөцөлдсөн ч бүтээгүй.  Одоо байдал бүр ч хэцүү болж байна. Ер нь эдийн засгаа хөл дээр нь босгоё гэвэл үндэсний үйлдвэрлэлээ л дэмжих болно. 

Бодитоор ажлаа хийж чаддаг хүнд л төр мөнгө өгмөөр байна. Түүнээс биш төсөл бичсэн нэртэй цаас, цүнх сугавчилсан хүн болгонд өгөөд байх хэрэггүй.  Хямрал болж байхад хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалан өндөр өсөлттэй гарлаа.  Харин одоо энийгээ унагачихгүй тогтмол бодлого барих л үлдэж байна. 

Цаашдаа бид дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортод гаргах чиглэлийг барих хэрэгтэй.

- Хоршихын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй ярихгүй юу? 

Өнөөдөр монгол хүн болгон аж ахуй эрхэлж, дарга хийх гээд байдаг.  Хоршино гэхээр хуучин нэгдэл байна гэсэн үг биш. Хөдөлмөрөөрөө хоршиж бүтээмжээ, борлуулалтаа нэмэгдүүлж сурах хэрэгтэй. Хорших нь хэд хэдэн давуу талтай.  Нэгдүгээрт техникийн нэвтрэлтэд хэрэгтэй.  Эдүгээ 10 га-д төмс тарьдаг хүн 100 мянган долларын үнэтэй трактор авах боломжгүй, авсан ч ашиггүй. Харин нийлээд 100 га-д хүрэх талбайтай хэд хэдэн хүн дундаа трактор авбал илүү үр дүнтэй.  Хэдий болтол гараараа төмс хураах юм бэ? Төмсөө хураахын тулд хүн хөлслөх хэрэг болж бөөн зардал гардаг.

- Газар тариалангийн нэгэн чухал салбар нь хүлэмжийн аж ахуй байдаг. Тэгэхээр хүлэмжийн аж ахуйн хөгжлийн талаар ярихгүй юу?

Монгол шиг уур амьсгалтай оронд дан ганц далд хөрсний ногооны аж ахуйгаар бүх хэрэгцээг хангахад хэцүү. Хүн амд жилийн дөрвөн улиралд шинэ ногоо идэх хэрэгцээ бий. Үүний тулд хүлэмжийн аж ахуйг зайлшгүй хөгжүүлэх ёстой.  Олигтой хөгжөөгүй учраас Хятадаас өргөст хэмх, помидор машин машинаараа орж ирээд хүнсний захуудаар дүүрчихдэг. Хэрэв импортоос хамгаалж, борлуулалтаар нь дэмжихгүй бол хичнээн бондын мөнгө өгөөд ч үр дүн гарахгүй.  УИХ-аас импортын бодлого гаргачихвал Засгийн газар цаг үед нь тохируулаад татварын маневр хийх боломжтой. 

Нэг инээдтэй жишээ яръя. Гаалийн татварын асуудал хариуцдаг Гаалийн тарифын зөвлөл гэж байдаг. Гэтэл энэ зөвлөл дөрвөн жилд нэг ч удаа хуралдаагүй. Таван хувийн тарифаа тогтоочихоод л амарчихсан. Гэтэл зах зээл өндөр хөгжсөн орнуудад маш өндөр импортын татвар тавьдаг. Тухайлбал Япон гаднаас орж ирэх цагаан будаанд 60-70 хувийн татвар ногдуулдаг. Харин Монголын ийм нөхцөлд үндэсний үйлдвэрлэл яаж хөгжих юм бэ?

- Монгол улсад газар тариалан дахь үрийн бодлого гэж  байна уу? 

Үрээ идэхээс үнээгээ ид гэсэн нэг айхтар үг байдаг.  Газар тариалангийн хөгжил үрээс шууд хамааралтай. Үргүй болсон үед гаднаас өндөр үр авдаг нь тухайн үед амь тариа хийж байгаатай л адил. Үрийн хувьд улс орнуудад төрийн санаачлагаар эрдэм шинжилгээний байгууллагуудын хүрээнд элит үр гэгчийг гаргаж авдаг.  Монголд үрийг хөгжүүлэх хүний нөөц, материаллаг бааз бий.  Дарханы хүрээлэн ч байна. Харин одоогийн байдлаар эрдэмтэд цалингаас өөр мөнгөгүй цаастай зууралдаад л сууж байна.  Энэ нь тэдний буруу биш. Үрийг нь худалдаж авдаг систем байхгүй учраас үрийн аж ахуй хөгжихгүй байна. Үрийг төр худалдаж авах ёстой.

- Дотооддоо бордоо гаргаж авах боломж байгаа юу?

Байлгүй яахав. Гэхдээ бордоо гэхээсээ өмнө хөрсөө яримаар байна. Өнөөдөр ашиглаж буй 700 мянга гаруй га талбайн 60 гаруй хувь нь хөрсний элэгдэлд орчихсон. 2,1-3 хувийн ялзмагтай байх ёстой талбайн 70 орчим хувь нь 1-1,9 хувийн ялзмагтай байна. Хүнээр ярих юм бол мэдрэлийн ядаргаанд орчихсон гэсэн үг. Хэдэн сая жилээр сэргэдэг хөрсөө хэдэн үеэрээ ашиглах вэ гэдгээ бодолцмоор. Хөрс элэгдэлд орсон нь дараах шалтгаантай. Нэгдүгээрт бидний технологи буруу байсан. Ердөө уриншаас буудай гэсэн маягаар ажилласнаас болсон. Хоёрдугаарт сүүлийн 20, 30 жил бордоо хэрэглэж үзээгүй.  Хэрэглэе гэхээр гаднаас авах бордоо тэнгэрт хадсан үнэтэй.  Гуравдугаарт талбайд мал орчихдог.  Тариаланчид, малчид хоёрын маргаан олон гардаг.  Сэлэнгэ аймаг л гэхэд 20 гаруй жилийн 300 мянган малтай байсан бол өнөөдөр 1,5 саяд хүрчихээд байна.  Зассан талбай нь малын хөлөөр сүйдчихдэг. 

Үүиээс гарахын тулд ердөө дотоодод бордооны үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Сэлэнгийн тариаланчид мөнгөн урамшууллын оронд бордоо авъя гэдэг санал гаргадаг. Гэтэл бордоогоо гаднаас өндөр үнээр авах гээд байдаг. Бордооны үйлдвэрийн төслүүд байдаг ч банк зээл өгдөггүй. Хэдийгээр монголд төмс, хүнсний ногооны бордоог бага хэмжээгээр үйлдвэрлэдэг ч буудай тариалахад үрлэн бордоо хэрэгтэй. Түүнээс биш 1000 га-д бууц цацна гэвэл утгагүй биз дээ? Үрлэн бордоог дотооддоо нүүрс, шувууны сангас, малын баас шээс, ясаар хийж болно.

Бордооноос гадна тарималын сэлгээгээр хөрсөө тордож болно. Дөрвөн үеэр сэлгээ хиймээр байна. Өөрөөр хэлбэл эхний жил уринш улаан буудай, дараагийн хоёр жилд рапс, сүүлийн жил буурцагт ургамал, эргээд уринш гэх мэт. Рапс хэдийгээр хөрсний үржил шимийг сордог ч азотыг хөрсөнд илүү хуримтлуулдаг. Харин улаан буудай азотыг түлхүү хэрэглэдэг. Энэ мэтээр тарималын сэлгээ хийх нь үр дүнтэй. Эцэст нь бид талбайгаа хашиж хамгаалах хэрэгтэй.  Хөрсөө сайжруулахад тариаланч өөрөө бас хариуцлага үүрдэг байх хэрэгтэй. Малаа оруулсан малчин ч бас ялгаагүй. Энийг нь газрынхаа хуулиар зохицуулаад өгчих хэрэгтэй. 

- Газар тариалан, мал аж ахуй хоёр ямар байдлаар хоршин ажиллаж болох вэ?   

Тариаланчид малынх нь тэжээлийг гаргаад өгчихдөг баймаар. Одоогоор өвс, багсармал хоёроос өөр малын тэжээл алга. Хичнээн жил бид овор ихтэй өвсийг машинаар хол зөөх юм бэ? Хятадууд манай хивгийг ихээр худалдаж авдаг нь манай тэжээл хямдхан, чанартай байдагтай холбоотой.

- Газар тариалангийн салбарт боловсон хүчин хангалттай байж чадаж байна уу?

Энэ бол тулгамдсан асуудлуудын нэг. Уул уурхай эрчимжсэн жилүүдэд нэлээд олон хүнээ алдсан. Харин сүүлийн үед зарим нэг нь буцаад ирж байна. Энэ тэдний буруу биш.

Хуучин механикчид маань ихэнх нь тэтгэвэрт гарчихсан. Орон нутаг дахь техник, мэргэжлийн сургуулиуд энэ тал дээр сайн ажилламаар байна.  Зорилготой, богино хугацаанд хүмүүсийг бэлдмээр байна. Орчин үед маш өндөр үнээр нэг трактор авлаа гэж бодоход ажиллуулах хүн цөөхөн. Яагаад гэвэл бүх заавар нь англи хэл дээр, систем нь компьютержсан байдаг. Тэгэхээр нь манайх Оросын техниктэй адил харьцаж монголчилсоор байгаад эвдчихдэг. Тиймээс орчин үеийн газар тариалангийн техникийг эзэмшдэг операторуудыг бэлдэх хэрэгтэй. Мэдлэгтэй багш нарыг тариалангийн ажилгүй өвлийн цагт хөлслөөд орон нутгаар сургалт явуулж болно. Тэгэхгүй бол компаний захирал, нэг том трактортай үлдэх болчихоод байна.  Газар тариалан улирлын ажил учраас ажилчдын нийгмийн асуудлыг анхаарч хүнийхээ төлөө бас ажилламаар байна.