Р.Бурмаа: 20 мянган тонн буудай импортлох зөвшөөрлийг цуцлах нөхцөл алга
Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан гурил үйлдвэрлэгчдэд ОХУ-аас 20 мянган тонн буудай импортлох зөвшөөрөл олгосон. Үүнийг үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооныхон “Бидэнд цавуулаг өндөртэй сайн чанарын 40 мянган тонн буудай байхад гадаадаас импортлох зөвшөөрөл олгож, тариаланчдыг хохироолоо” хэмээн эсэргүүцсэн юм. Ингээд салбарын яамнаас Ажлын хэсэг гарч, тариаланчдад чанарын шаардлага хангасан буудай байгаа эсэхийг шалгаад шийдвэрээ цуцлахаар болсон.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өчигдөр тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан шийдвэрээ хэвээр үлдээхээр тогтлоо. Түүнээс энэ талаар зарим зүйлийг лавласан юм.
-Гадаадаас 20 мянган тонн буудай импортлох зөвшөөрлөө цуцалсангүй. Ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан бэ?
Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр Мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн гурилын цавуулгийн хэмжээг дээшлүүлэх үүднээс 40 мянган тонн буудай импортлох нь зүйтэй гэсэн саналыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан.
Үүний дагуу ХХААЯ-ны Ажлын хэсэг ажиллаад 20 мянган тонн буудай импортлохыг гурилын үйлдвэрүүдэд зөвш өөрсөн юм. Үйлдвэрүүд гурил ихээр хэрэглэдэг Цагаан сарын баяр дөхөж байна, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахын тулд цавуулаг өндөртэй буудай ОХУ-аас оруулж ирэх хэрэгтэй байна гэсэн хүсэлт гаргасан.
Тэд 110 мянган тонн буудай импортлох санал тавьсан ч 20 мянгыг оруулж ирэхийг зөвшөөрсөн. Гэтэл “Газар тариалан” холбооныхон бидэнд сайн чанарын цавуулаг өнд өртэй 40 мянган тонн буудай гар дээр байна. Үүнийг авахын оронд гадаадаас буудай оруулж ирэх гэлээ гэж эсэргүүцсэн. Ерөнхий сайд Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдгийн хувьд талуудыг хүлээн авч уулзсан. Тэгээд шаардлага хангасан өндөр цавуулагтай буудай үнэхээр байгаа бол энэ шийдвэрийг цуцална гэсэн.
Гурилын үйлдвэрүүд ч гадаадаас буудай авахгүй гэж тохирсон. Буудайн цавуулгийг шалгахаар манай яам, мэргэжлийн хяналт, гурил үйлдвэрлэгчдийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг дүгнэлт гаргахаар долоо хоног ажиллалаа. Харамсалтай нь гомдол гаргасан тариаланчид буудайгаа үзүүлсэнгүй, хаана хадгалж байгаагаа ч хэлсэнгүй. Тиймээс гаргасан шийдвэрийг цуцлах хэмжээний нөхцөл байдал үүсээгүй гэж үзлээ.
-Тариалан эрхлэгчид дотоодод 70 мянган тонн буудай бий гэж яриад байсан. Худлаа байх нь ээ.
Тариалан эрхлэлтийг дэмжих санд 30 мянган тонн буудай бий. Үүнийг сая ажлын хэсгийнхэн шалгаад үнэлгээ дүгнэлтийг нь гаргасан. Харин тариаланчдын буудайг очиж үзье гэхээр хаана байгааг нь хэлээгүй, зарим нь холбогдоогүй. Өнөөдрийн (өчигдөр) уулзалтад урьсан ч оролцохоос татгалзлаа.
-Гурил үйлдвэрлэгчид буудай импортлох квотоо нэмье гэсэн санал гаргаж байна. Ийм боломжтой юу?
Тэд “ОХУ-д буудай одоо хямд байгаа. Хойд хөрш импортын татвараа хоёрдугаар сарын 1-нээс тонн тутамд 50 ам.доллараар нэмнэ. Үүнээс урьтаж импортолъё” гэсэн хүсэлт тавьж байна. Бид гурилын үнийг хэт өсгөх сонирхолгүй байгаа.
Тиймээс Үнэ тогтворжуулах хөтөлб өр хэрэгжүүлсэн. Байгаа буудайны чанар, хэрэгцээ, хэрэглээг нягталж үзсэний дараа квотоо нэмэх эсэхээ шийднэ. Хүсэлт гаргангуут нь квотоо нэмэх шаардлагагүй. Ер нь сайд дангаараа шийдвэр гаргадаггүй. Ажлын хэсэг гарч судлаад үндэслэлтэй байвал квотоо өсгөж болно.
-Үйлдвэрлэгчид одоо буудай импортлох квотоо нэмэхгүй бол 7-8 дугаар сард гурилын үнийг өсг өнө гэлээ. Энэ талаар яам ямар нэг тооцоо судалгаа хийсэн үү?
Судалгаа хийнэ. Тэгж байж л үндэслэл бүхий хариулт өгөх боломжтой.