Давхар дээлний хуулиар АН завсарлага авав
УИХ-ын үдээс хойшхи хуралдаан
2014.01.24

Давхар дээлний хуулиар АН завсарлага авав

УИХ-ын өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв.

Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Засгийн газрын бүрэлдэхүүний 50-иас илүүгүй хувь нь УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болохоор, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Засгийн газрын бүрэлдэхүүний 50-иас илүүгүй хувь нь УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсрах бол ерөнхий чиг үүргийн сайд нь УИХ-ын гишүүн байхаар, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

УИХ-ын гишүүн Су.Батболд, Сү.Батболд, С.Бямбацогт, М.Энхболд нар хуулийн хэрэгжих хугацааг 2014 оны долдугаар сарын 1-ний өдөр болгон наашлуулах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Гишүүд хуулийн хэрэгжих хугацааны талаар нэлээд хэлэлцсэн бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэлцэж буй асуудлаар АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авах санал гаргаснаар хэлэлцүүлгийг хойшлууллаа.