Монгол Улсын Ерөнхийлөгчид Сингапурын Ерөнхий сайд бараалхав
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хсиен Луныг хүлээн авч уулзлаа.
2013.11.26

Монгол Улсын Ерөнхийлөгчид Сингапурын Ерөнхий сайд бараалхав

Бүгд Найрамдах Сингапур Улсад /БНСУ/ төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хсиен Луныг энэ сарын 25-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хсиен Лун хэлэхдээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Та манай улсад айлчлан ирсэнд гүнээ талархаж байна. Таны айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох нь зүйтэй гэдгийг онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн санаачилгыг саяхан гарган ажиллаж, энэ тал дээр Сингапурын туршлагаас хуваалцах хүсэлтэй байгаагаа дурдав.

Мөн авлига хээл хахуулийг бууруулах, төрийн үйл ажиллагааг сайжруулах, оновчтой болгох, төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх тал дээр Сингапурын төр засаг Монголтой хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Хоёр орны иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаад, үүний тулд хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох нь зүйтэй гэдгийг онцлов.

БНСУ-ын Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн саналуудыг хүлээн авч, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.