Ерөнхийлөгч АНУ-ыг зорилоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Нью-Йорк хотод болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцохоор өнөөдөр Улаанбаатар хотоос мордлоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзахын зэрэгцээ хэд хэдэн чухал арга хэмжээнд оролцохоор төлөвлөсөн байна.
Энэ удаагийн чуулганд Монгол Улс өөрийн санаачилсан гурван тогтоолын үндэсний хэрэгжилтийг тайлагнаж хэлэлцүүлэх юм байна. Үүнд, “Бичигтэн болох НҮБ-ын арван жил”-ийн үндэсний илтгэл, “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” үндэсний илтгэл, Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай илтгэлүүд багтжээ.
Мөн чуулганы үеэр Монгол Улс 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтууд, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих тухай асуудлуудын талаархи хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохоор төлөвлөсөн байна.