Мэндчилгээ
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2013.08.09

Мэндчилгээ

Хүн ардынхаа эрүүл энхийн торгон манаанд бие сэтгэл, оюун ухаан, авьяас чадвар, хуч хөдөлмөрөө дээжлэн ажиллаж буй Монголын Улсын нийт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн та бүхэндээ Эмнэлгийн ажилчдын баярын мэндийг дэвшүүлж байна.

Бид хамтдаа эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хөгжлийг тодорхойлохоор мэдлэг, ур чадвар, чин сэтгэлээ зориулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, хариуцлага хяналттай, түргэн шуурхай үзүүлэхээр мөр зэрэгцэн зүтгэж байна.

Бид жил бүрийн наймдугаар сард эмнэлгийн ажилтны баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Эрүүл мэндийн сайд 2013 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарыг эмнэлгийн ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг сар болгохоор шийдвэрлэлээ.

Бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд ажилчдынхаа өмнө тулгамдаж буй нийгмийн асуудлыг хэлэлцэж Эрүүл мэндийн салбарын чуулганаар хэлэлцэх асуудал, төрийн бодлогод тусгуулах үнэт саналаа ирүүлнэ гэдэгт итгэж байна. Нийгмийн нийт үйлчилгээний бараг тал хувийг эрүүл мэндийн салбар дангаараа бүрдүүлж байна.

Энэ бүх үйлчилгээг та бүхэн үзүүлдэг бөгөөд олон мянган хүмүүст амьдрал, нас бэлэглэж, өвчин эмгэгээс нь ангижруулж эрдэнэт хүмүүний эрүүл энхийн манаанд зогсох эмч таны хөдөлмөр үлэмж энэрэнгүй, үнэхээрийн агуу, хамгийн буянтай, үнэлж баршгүй гавьяатай билээ.

Хүний эрүүл мэнд, амь насыг аврахын төлөө нойр хоолоо умартан, өдөр шөнийг ялгалгүй, ар гэр, амин хувийн эрх ашгаа хойш тавин байж зүтгэж байдаг Та бүхний нөр их хөдөлмөрийг Монголын ард түмэн өндөр үнэлж байдаг бөгөөд Та бүхнийхээ ямар ч бэрхшээлээс шантралгүй, мэргэжилдээ үнэнч байж, эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн эмчийнхээ тангарагт ямагт үнэнч байдагт гүн талархал илэрхийлж байна.

Эмч нарынхаа хөдөлмөрийг зах зээлийнх нь зарчмаар жинхэнэ ёсоор үнэлж, ажлын ачааллыг нь багасгаж, авдаг цалинг нь бусад орны жишигт хүртэл нэмэгдүүлж, мэргэжил мэдлэгийг нь тогтмол дээшлүүлж, хариуцлагын даатгалаар дамжуулан мэргэжлийнх нь уйл ажиллагаатай холбоотой гарах эрсдэлийг нь хуваалцах арга замыг бий болгохоор хариуцлагын даатгалын хуулийг УИХ, Засгийн газарт өргөн барих гэж байна.

Төр, ард түмэндээ нэр хүндтэй, хөдөлмөрийн үнэлэмж хамгийн өндөр байх тэр л ирээдүйн төлөө хамтран ажиллахыг та бүхэндээ уриалж байна.

Эрүүл мэндийн салбарын хөдөлгөгч хүч, зүрх, тархи нь болсон мянга мянган эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн эрдэмтэн, гавьяат үе үеийн ахмадууд та бүхэндээ эрүүл энх, урт удаан насалж, хувирашгүй сэтгэл, хоёргүй сэтгэлээр хамтдаа байж, алтан гар тань амжилт бүтээл дүүрэн, цагаан нөмрөгт энэрэлийн элч байхыг хүсэн ерөөе.

Эрүүл мэндийн сайд          Н.Удвал