Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2013.08.06

Эмчийн хариуцлагын даатгалын хууль санаачиллаа

Эмч хариуцлага алдсан тохиолдолд эрүүл мэндийн яамнаас хамгийн дээд тал нь захиргааны арга хэмжээ буюу ажлаас халдаг байна.

Өөр ямар нэг хуулиар зохицуулсан зүйл заалт байдаггүй учир салбарын яамнаас эмчийн хариуцлагын даатгалын хуулийг санаачилжээ.

Эмчийн хариуцлагагүй байдлаас болж хүний эрүүл мэнд, амь нас хохирох тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарах болсон. Эмч болон иргэнд аль алинд нь ач холбогдолтой энэ хуулийг ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Тодорхой хэмжээний эмнэлгийн ажилтны буруугаас эрүүл мэндээрээ хохирсон бол хариуцлагыг даатгалын сангаас төлдөг энэ механизмыг бүрдүүлэхийн тулд ажиллаж байна” хэмээн хэллээ.

Хэрэв энэ хууль батлагдвал эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа эмчийн хариуцлагагүй байдал багасахаас гадна эрүүл мэндийн ажилтны буруутай  үйлдлээс болж хохирсон иргэд ч хохирлоо төрөөс барагдуулдаг болох юм.