Ажиллагсдаа дээдэлсэн аж ахуйн нэгжүүд тодров
Уул уурхайн яам мэргэжлийн байгууллагуудтай хамтран уул уурхайн салбарт хүний нөөц, ажиллагсдын нийгмийн асуудлыг хамгийн зөв, зохистой шийдсэн шилдэг компаниудыг шалгаруулсан байна.
Үндэсний их баяр наадмыг угтан 2013 оны 7-р сарын 10-ны өдөр эцэслэн дүнгээ гаргасан энэхүү шалгаруулалтыг олон улсын жишгээр нийт 3 төрөлд зарлан явуулснаас “Ажлын байр, амьдрах тав тухтай орчин бүрдүүлэгч” аж ахуйн нэгжийн төрөлд Энержи Ресурс ХХК, “Ажиллагсдын эрүүл ахуйг эрхэмлэгч” төрөлд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг дээдлэгч” төрөлд Монполимет компани тус тус шалгарчээ.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлагч компаниудыг “ажил, амьдралын тав тухтай орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэсэн төрлүүдээр дэлхий даяараа шалгаруулдаг
Өмнө нь уул уурхайн компаниудын дунд мэргэжлийн тэмцээн, уралдаан зохион явуулж, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хяналт, шалгалт хийдэг байснаас бус тухайлан ажиллагсад, хүн рүү чиглэсэн үйл ажиллагааг дангаар нь явуулж байгаагүй гэдгийг Уул уурхайн яамнаас онцолсон байна. Иймдээ ч салбарын амин цөмийг бүрдүүлэгч боловсон хүчин буюу “хүн” гэгч үнэт зүйлд анхаарал хандуулж, тэдний ажиллаж, амьдрах орчин нөхцлийг дээдлэгч компаниудыг урамшуулсан нь салбарын хувьд дэвшилтэт алхам боллоо.
Шалгаруулалтыг Монгол Улсад геологи, хайгуул, олборлох, баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжүүдийн дунд нээлттэй зарласан бөгөөд шалгаруулалтын комисст Уул уурхайн яамнаас гадна Хөдөлмөрийн яам, Ашигт малтмалын газар, Уул уурхайн үндэсний ассоциаци, Эрчим хүч, уул уурхайн салбарын үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд багтан ажиллажээ.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг:
-Аль ч нийгэмд, аль ч салбарт хүний эрүүл мэнд, нийгмийн асуудал чухал байдаг. Нийгмийн хариуцлагаа ухамсарлагч компаниудыг “ажил, амьдралын тав тухтай орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэсэн төрлүүдээр дэлхий даяараа шалгаруулдаг юм байна лээ. Энэ жил бид анх удаа зохион байгууллаа. Цаашид шалгаруулалтыг жил бүр зохион явуулах болно.