БНСУ-ын иргэн "Найрамдал" медалиар шагнууллаа
Монгол-БНСУ-ын хоорондын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн 28 дугаар зарлигаар Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн, Дэжон хотын Боловсролын газрын дарга Ким Шинь Хуг "Найрамдал" медалиар шагнасан билээ.
Энэхүү шагналыг Дэжон хотын Боловсролын газрын дарга Ким Шинь Хугийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр түүнд гардууллаа.
Ноён Ким Шинь Ху нь 2007 оноос хойш Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэжон хотын Боловсролын газар хоорондын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Дэжон хотын Боловсролын газраас нийт 15 удаагийн мэдээлэл технологийн сургалтуудыг Солонгос улсад зохион байгуулж, 284 монгол багш нарыг хамруулаад байна.
БШУЯ Дэжон хотын Боловсролын газартай мэдээлэл, технологийн чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 2007 онд байгуулсан бөгөөд уг хэлэлцээрийн хүрээнд Дэжон хотын Боловсролын газраас нийт 15 удаагийн мэдээлэл технологийн сургалтуудыг Солонгос улсад зохион байгуулж, 284 монгол багш нарыг хамруулаад байгаа юм.
Ноён Ким Шинь Хуний удирдсан Дэжон хотын Боловсролын газар манай улсын боловсролын байгууллагуудад 4450 ширхэг суурин компьютер, 531 ширхэг зөөврийн компьютер, 3 ширхэг дижитал самбар, өндөр хүчин чадалтай орчин үеийн 2 ширхэг проектор зэргийг үнэ төлбөргүй нийлүүлсэн.
Энэ нь боловсролын салбарт мэдээлэл, технологийг нэвтрүүлэх, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхэд ихээхэн ач холбогдол, үр дүнгээ өгсөн болно.
Түүнчлэн ноён Ким Шинь Ху нь монголын залуу боловсон хүчинг бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн найман монгол сурагчийг БНСУ-ын ахлах сургуульд элсүүлэн, суралцуулж байна.