Ч.Улаан: Сонгуулийн сурталчилгаа тэнгэр газар шиг ялгаатай байгаа
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан
2013.06.19

Ч.Улаан: Сонгуулийн сурталчилгаа тэнгэр газар шиг ялгаатай байгаа

Монгол Улсын Сангийн сайд Ч.Улаан МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байгаа Эрүүл мэндийн сайд Н.Удвалын рейтинг сонгогч олны дунд ямар байгаа талаарх мэдээллийг хуулийн хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө сэтгүүлчдэд мэдээлсэн. Энэ үеэр түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

-Өчигдөрхөн АН-ын сонгуулийн төв штабаас мэдээлэхдээ «Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 60 хувьтай, түүний араас МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 35 хувьтай, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал найман хувьтай явж байна» гэж байсан. МАХН-аас нэр дэвшигчийн рейтинг ийм бага байгаа хэрэг үү?

-Нэр дэвшигчдийн рейтингийг зарлах хуулийн хугацаа өнөөдрөөр /өчигдөр/ дуусгавар болно. Тэгэхээр хуулийн хүрээнд бий болсон нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх нь тухайн намын бүрэн эрх. Харин тэгэхдээ ард иргэдэд тарааж байгаа мэдээлэл үнэн бодитой л байх ёстой.

-Өнөөдрийг хүртэлх сонгуулийн сурталчилгаа бодитой, тэнцвэртэй явагдаж чадсан уу?

-Шударга байна гэдэг нь хамгийн гол нь тэгш байх тухай л ойлголт юм. Тэгэхээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа гурван намын нэр дэвшигчид тэгш, шударга сурталчилгаа явуулах нөхцөл, боломж хангагдаагүйг шулуухан цохон тэмдэглэх ёстой.Та бүхэн харж л байгаа.

Хөрөнгө санхүү, бусад бүх төрлийн дэмжлэг гээд тэнгэр, газар шиг л ялгаатай сурталчилгаа явагдаж байгаа биз дээ. Хэдийгээр бодит байдал ийм байгаа хэдий ч МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал сайд маань бүх л сонгогчдод хүрч, үнэн үгээ сонсгох ажлаа боломжийн хэрээр хийж л явна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн сэдвээ хойш нь тавьж Сангийн сайдын ажилтай холбоотой сэдвээр ярилцъя. Оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал ямархуу байгаа вэ?

-Оны эхний зургаан сар бол улс орны амьдралд ихээхэн онцгой үүрэгтэй байдаг. Учир нь эдийн засгийг идэвхжүүлэх бүх үйл ажиллагаа эхэлдэг хэдий ч хараахан үр дүн нь гарч амждаггүй. Улсын төсвийн орлого хэдийгээр тасалдаж яваа боловч Чингис бонд, Хөгжлийн банкны бондын эх үүсвэр болон төсвийн хөрөнгө оруулалтаар эдийн засгийг урьд өмнө байгаагүй их хэмжээгээр дэмжсэн.

Маш олон том төслүүд амжилттай хэрэгжээд эхэлсэн. Тийм ч учраас оны эцэст эдийн засгийн нэлээн сайн үр дүнд хүрнэ гэсэн итгэлтэй байгаа. Эхний хагас жилийн байдлаар төсвийн орлогын бүрдүүлэлт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй буюу одоогоор 70орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна.

МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал сайд маань бүх л сонгогчдод хүрч, үнэн үгээ сонсгох ажлаа боломжийн хэрээр хийж л явна.

Харин улсын төсвөөс олгох ёстой нийгмийн халамж, цалин, тэтгэвэр, орон нутгийн хөгжлийн санд олгогдох ёстой бүх л зарлага санхүүжилт, тусгай шилжүүлэг 100 хувь өгөгдсөн байгаа. Хөрөнгө оруулалтын санхүүжилт бага зэрэг удаашралтай явагдаж байгаа нь зураг төсөв бэлэн болоогүй, тендерийн ялагч нь тодроогүй зэрэг шалтгааны улмаас хүлээгдэж байгаа тал бий.

Эдгээр ажлыг эрчимжүүлэхийн тулд Засгийн газар 14 хоног тутамд ярилцаж байгаа. Гэхдээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хөрөнгө оруулалтын санхүүжилт 10 гаруй хувиар ахисан үзүүлэлттэй байгаа ч энэ жилийн төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгааг хаана хаанаа анхааран ажиллаж байна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эдийн засаг уналтад орно гэсэн яриа нэлээн хүчтэй сонсогдох боллоо. Сангийн сайдын хувьд энд ямар тайлбар хийх вэ?

-Энэ бол цэвэр сонгуулийн үеийн улстөржсөн мэдэгдэл байна гэж Сангийн сайдын хувьд хариуцлагатайгаар няцаалт өгч байна. Эсрэгээрээ сонгуулийн дараа Монгол Улсын эдийн засаг идэвхжинэ. Хөрөнгө оруулалт хийсэн олон төслүүд эхнээсээ бэлэн болж байна.

Жишээ нь Өргөө кино театрын өмнөх зам засварын ажил дууслаа. Маргааш /өнөөдөр/ Саппорогийн зам нээгдэнэ. Зөвхөн энэ жил Улаанбаатарт яг ийм 33 замын төсөл хэрэгжиж ашиглалтад орно. Орон нутагт ихээхэн бүтээн байгуулалт явагдаж байна. Тийм учраас монголын эдийн засаг энэ оны сүүлийн хагаст ихээхэн тэлнэ.

-Гадаадын хөрөнгө оруулалт 70 хувь буурсан үзүүлэлттэй байгаа. Үүнийг сэргээхийн тулд давын өмнө ямар ажил хийх шаардлагатай вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа нь үнэн. Гэхдээ бидний барьж байгаа бодлого бол харилцан ашигтай нөхцөлд л гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Энэ нөхцөл бүрдээгүй тохиолдолд гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг бид хянана, нягтлана, тэгээд болохгүй бол Монгол Улсад үр ашиггүй гадны хөрөнгө оруулалт болгонд бид хошуу дэвсэхгүй.

-Сөрөг хүчний төлөөллийн хувьд шинэчлэлийн Засгийн газартай гар нийлж ажиллахад ямар нэгэн хүндрэл, бэрхшээл байдаг уу?

-Би сөрөг хүчний төлөөлөл биш. Харин ч Засгийн газрыг хамтран байгуулсан Төрийн гурав дахь хүчний төлөөлөгч. Шинэчлэлийн Засгийн газар бол эвслийн Засгийн газар. Ямар нэгэн субъектив шинжтэй хүндрэл, бэрхшээл одоогоор байхгүй. Биднийг Монгол Улсын үндэсний эрх ашиг нэгтгэж байгаа.

Шинэчлэлийн Засгийн газар бол эвслийн Засгийн газар.

Хөрөнгө мөнгөний бодитой бэрхшээл тулгарч байгаа нь үнэн ч шинэчлэлийн Засгийн газар урагшаа харж ирээдүйдээ итгэлтэй ажиллаж байгааг тэмдэглэн хэлье. Өнөөдөр л гэхэд дотоодын санхүүгийн зах зээлийг эрчимжүүлэх маш том алхам хийлээ.

Таван жилийн хугацаатай Засгийн газрын дотоодын үнэт цаас гаргасан. Нийтдээ 160 тэрбум төгрөгийн, үнэт цаас гаргах захиалга өгсөн. Гэтэл банкууд энэ асуудалд маш идэвхтэй оролцож 600 тэрбум төгрөгийн эрэлт хэрэгцээ байгаа гэсэн санал ирээд байна.

Энэ таван жилд Засгийн газрын хүүг 10 хувиар тогтоолоо. Эдийн засагт хөрөнгө мөнгө асар их хэрэгцээтэй байгаа нь эндээс тодорхой харагдаж Эндээс харахад Монголын эдийн засгийн ирээдүйд итгэлтэй байж болох сайн хүчин зүйл ихээр ажиглагдаж байгаа юм.

-Чингис бондын одоогийн зарцуулалтын талаар сонирхуулахгүй юу. Өнөөдрийн байдлаар Монголбанк Чингис бондын хүүд хэдэн төгрөг төлөөд байгаа вэ?

Яг одоогооор Чингис бондын хүүд 38 тэрбум төгрөгийн төлбөр хийгдсэн байгаа. Төлбөр нь яг л графикийн дагуу хийгдэж байна. Бид дэлхийн зах зээл дээрээс маш хямд үнэтэй боломжийн хэмжээний мөнгө босгож ирээд эдийн засагтаа ашиглаж байна.

Ямар ч гэсэн Чингис бондын хүү, ашиглалтад ард олон санаа зовохгүй байж болно. Энд зориуд тэмдэглэхэд Чингис бондын сая төгрөг ч ихээхэн нарийн шалгуураар орж тухайн бүтээн байгуулалтдаа зориулагдаж байгаа гэдгийг хэлчихье.

-УИХ-ын гишүүний тань хувьд сонирхоход УИХ дахь МАН-ын хоёр гишүүнд Эрүүгийн хэрэг үүсгэж, Ё.Отгонбаяр гишүүний хувьд байдал хаашаа ч эргэж магадгүй байдалтай байгаа. Та Сангийн сайдын хувьд хөрөнгө, мөнгөний асуудалд орооцолдоод байгаа эдгээр гишүүдийн тухайд ямар бодолтой явна?

-Би хуулийн нарийн мэргэжлийн хүн биш. Нөгөө талаар эдгээр үйл явдлын талаар бүрэн дүүрэн мэдээлэл надад алга. Хууль хяналтын байгууллага хуулийн дагуу шалгаж, ямарваа нотлогдоогүй асуудалд хувь хүнийг хэлмэгдүүлэлгүй үнэн зөвийг тогтоох байх л гэж найдаж байна.

Энд нэг зүйл хэлэхэд төсвийн сахилгыг хаана хаанаа сахиад явсан бол өнөөдрийн байдал үүсэхгүй шүү дээ. Хуулийн байгууллага сайтар нягтлан шалгаад гэм буруутай нь тогтоогдвол буруутай хүмүүст тохирсон шийтгэлийг нь хүлээлгэх ёстой. Ер нь гэм буруутай л бол тохирсон шийтгэлийг нь заавал эдлүүлэх хэрэгтэй.

-Чингис бондыг төлөөд дуусахад Монгол Улсад гарт баригдаж, нүдэнд харагдах ямар бодитой бүтээн байгуулалт үлдэх бол. Ер нь шууд ашгийг нь товчхон дүгнээд хэлэхгүй юу?

-Маш энгийнээр хэлэхэд 18 аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай засмал замаар холбогдоно. Монгол Улс газрын хэвлийн баялгаа дэлхийн зах зээлд гаргах төмөр замын сүлжээтэй болсон байна. Эрчим хүчээр өөрийгөө бүрэн хангадаг болно.

Оюу толгой, Таван толгойн дэд бүтцийг байгуулж дуусгана. Жижиг дунд үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг болсон байна. Хамгийн товчхон дүгнэхэд Чингис бонд Монгол Улсад ийм ашигтай, ийм л ирээдүйг авч ирнэ.