Төвийн бүсийн аймгийн иргэд С.Эрдэнэ сайдад талархал илэрхийллээ
Төвийн бүсийн аймгуудад хийсэн томилолтын үеэр орон нутаг дахь Нийгмийн халамжийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн албан хаагчидтай уулзаж, ажил байдалтай нь танилцсан юм.
2013.01.23

Төвийн бүсийн аймгийн иргэд С.Эрдэнэ сайдад талархал илэрхийллээ

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Золжаргал, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, ХАХНХЯ-ны харьяа Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Нарантуяа болон бусад албаны хүмүүс 2013 оны 1-р сарын 12-ноос 16-ны хооронд Архангай, Булган, Сэлэнгэ аймагт томилолт хийн ажиллалаа.

Архангай, Булган, Сэлэнгэ аймагт нийгмийн хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил, хуулийн хэрэгжилт хэрхэн байгаатай яам болон харьяа хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд газар дээр очин танилцсан юм. Шинэчлэлийн засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрийг салбарын хүрээнд ХАХНХЯ болон түүний харьяа агентлаг, газар, хэлтсүүдийн албан хаагчид хөрсөнд буулгаж, иргэдэд хүрч чиглүүлж ажиллах ёстой. Иймээс ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Архангай, Булган, Сэлэнгэ аймагт хийсэн томилолтынхоо хүрээнд яамныхаа харьяа агентлаг, газар , хэлтсүүдийн албан хаагчдад үүрэг даалгавар өгч, Шинэчлэлийн засгийн газрын цаашид хэрэгжүүлэх бодлого хөтөлбөрийг чиглүүлсэн. 

Шинэчлэлийн Засгийн газрын хийж хэрэгжүүлэх гэж байгаа шинэ бодлого хөтөлбөр, алхам, шийдвэрийг иргэд дэмжиж, итгэл хүлээлгэж байна. Ялангуяа нийгмийн хамгаалал, халамжийн чиглэлээр эхлүүлсэн ажлыг иргэд сайшааж, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл, хүнээ хөгжүүлэх төрийн бодлого хөтөлбөрийн хүрээнд хийгдэх алхам, шийдвэрттэй холбоотой хүлээлт орон нутгийн иргэдийн дунд нэгэнт бий болжээ. Иймээс ХАХНХЯ-ны харьяа хэрэгжүүлэгч агентлагийн орон нутгийн салбар хэлтсүүдийн албан хаагчид нийгмийн хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, хариуцлагатай ажиллах үүрэг оногдож байгааг салбарын сайд онцлон хэлсэн.

Гэр бүл дээр суурьласан хүн амын хөгжлийн цогц бодлогыг боловсруулна

Монгол улсын эдийн засгийн өсөлттэй уялдан, хүн амын хөгжлийн бодлого эн зэрэгцэх учиртай. Хүнээ хөгжүүлж, баялаг бүтээгчдийг бий болгохын тулд Монгол төрийн бодлогоор Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг боловсруулах шаардлагатай болж байгаа юм. Өмнө нь бид ахмад, залуу үе, хүүхдүүд, эмэгтэйчүүд гээд нийгмийн бүлгүүдийг салгаж ойлгодог байсан. Тэгвэл одоо дээрх нийгмийн бүлгүүдийг нэгтгэж, гэр бүл дээр суурьласан хүн амын хөгжлийн цогц бодлогыг боловсруулах нь ХАХНХЯ-ны зорилго юм. Гэр бүлээс хамраалгүй ахмад настан, залуучууд, хүүхдүүд, эмэгтэйчүүд гэж байдаггүй. Тэр ч утгаараа нийгмийн бүлгүүдийг нэгтгэж, Монгол гэр бүлийн бат бөх байдлыг хадгалахад Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичиг тусгалаа олно хэмээн харж байгаагаа Хүн амын хөгжил, нйигмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тодотгон хэлсэн. Энэ бодлогын баримт бичгийг боловсруулахын тулд бодит амьдрал дээр тулгуурласан иргэдийн санал бодол нэн чухал. Иймээс ахмадууд, хүүхдүүд, залуучууд, эмэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулж, чуулганаас гарсан санал санаачлагыг үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаж, Монгол хүний хөгжлийн цогц бодлогыг боловсруулахаар зэхэж байна. Энэ ажлын эхлэл болгож ирэх 2-р сарын 1-ний өдөр Дархан-Уул аймагт Ахмадын чуулганыг зохион байгуулах ажлын бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж байна. Энэ бол ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ-ийн орон нутагт хийсэн томилолтын үеэр нутгийн иргэдэд хүргэсэн онцлох мэдээ байлаа.

Архангай аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа

 УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Архангай аймгийн Хотонт, Эрдэнэбулган, Хайрхан сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, Шинэчлэлийн Засгийн газар болон салбар яамныхаа хийж хэрэгжүүлж байгаа ажил, бодлого хөтөлбөрөө танилцуулсан.

Нэг үеээ бодвол иргэд нийгмийн халамж үйлчилгээнд амьдралаа даатгадаг, бэлэнчлэх сэтгэлгээнээс ангижирсан гэдэг нь орон нутгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр ажиглагдаж байлаа. Нутгийн иргэд Шинэчлэлийн засгийн газраас явуулж байгаа бодлого хөтөлбөрийг дэмжиж, баялагийг хүртээд суух биш баялагийг бүтээхэд гар бие оролцон, улс орынхоо хөгжлийн төлөө ажиллаж, хөдөлмөрлөя гэсэн чин хүсэлтэй байгаагаа уламжилж байсаныг онцолж байна.Энэ ч утгаараа хөдөлмөрлөх чадвартай иргэдийг ажлын байраар хангаж, жижиг, дунд бизнес эрхлэх орчин нөхцлийг бүрдүүлэхэд төрийн бодлого хөтөлбөрийг чиглэгдэж байгааг ХАХНХ-ийн сайд уламжилж байлаа. 

Нөгөөтэйгүүр хавтгайрсан халамжийн бодлогыг халж, зорилтод бүлгийг зөв оновчтой тодорхойлох нь яамны үйл ажиллагааны үндсэн гол чиглэл. Ер нь зорилтод бүлэгт чиглэсэн нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэн байгаа. Тухайлбал өмнө нь улсын хэмжээнд 11 тэр бум орчим төгрөгийн нийгмийн халамж, тэтгэмж зорилтод бүлэгт хаяглагдан улсын төсөвт тусгагддаг байсан бол Шинэчлэлийн засгийн газрын шинэ яамны бодлогын хүрээнд одоо 24 тэр бум төгрөг болон нэмэгджээ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгогддог байсан тэтгэмжийг өмнө нь 7 тэр бум төгрөг төсөвлөгддөг байсныг 10 орчим тэр бум болгон нэмэгдүүлсэн.

Гэхдээ энэ нь халамж хавтгайрч байгаа хэрэг огтхон ч биш харин зөв оновчтой тодорхойлогдсон, халамж зайлшгүй хүртэх ёстой иргэдэд өгөх нийгмийн халамжийн хэмжээг нэмэгдүүлсэн төрийн бодлого гэдгийг ХАХНХ-ийн сайд С.Эрдэнэ онцолсон. Цаашдаа зорилтод бүлэгт хамрагдаж байгаа иргэдэд нийгмийн хамалжийг амсуулах төдийхнөөр хүртээх биш тухайн иргэн, өрх гэр бүл амжиргааныхаа наад захын хэрэгцээг бүрэн хангах тогтолцоог бий болгоно гэдгээ салбарын сайд орон нутгийн иргэдтэй уулзах үеэрээ тодотгон хэлсэн юм. 

Орон нутгийн иргэдийн асууж, хөдөндөж байсан гол асуудал нь 1995-2000 оны хооронд шимтгэл төлөөгүй бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10%-иар тооцож төлснөөр “Нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулна” гэсэн хуулийн хэрэгжилт байлаа. Энэ оны 8-р сарын 1-нийг хүртэл дээрх хуулийн бүртгэл, судалгаа, батлагжуулалтын ажил хийгдэж дуусна. Ингээд хуулийн хүрээнд ажил цэгцэрсэн тохиолдолд хуульд шаардагдах нэмэлт эх үүсгэвэр олгох ажлыг 2014 оны улсын төсөв дээр суулгаж ажиллах зорилтод тавьж , ажиллаж байгаагаа салбарын сайд хэлсэн.

 Хөдөө орон нутагт Хүүхэд хөгжлийн ордонг байгуулна

ХАХНХЯам нь гэр бүлийн бат бөх байдлыг хамгаалж, хадгалах тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Нэн тэргүүнд хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн нь хүүхдийг эдийн засгийн баталгаатай орчинд өсөх нөхцлийг бүрдүүлсэн. Энэ бол гэр бүлийг дэмжих төрөөс баримталж байгаа бодлогын нэг хэлбэр юм. Цаашдаа зөв Монгол хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх асуудлыг төрийн бодлогын хэмжээнд тавихаар ажиллаж байна хэмээн ХАХНХ-ын сайд хэлсэн. 

Хуучин хүүхдийн мөнгө олголтоос хэмнэгдэн үлдсэн мөнгийг төвлөрсөн төсөвт буцаж татаж өөр төсвийн эх үүсгэвэрт зарцуулдаг байсан. Тэгвэл хүний хөгжил сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанаар одоо дээрх хэмнэлтийн мөнгийг хүүхдийн хөгжилд зарцуулдаг байхаар хуулчилж өгсөн. Ингэснээрээ хүүхдийн мөнгөө аваагүйгээс үүссэн төсөвт хуримтлагдсан мөнгийг зөвхөн хүүхдэд хаяглан зарцуулж байх хууль эрх зүйн орчин бүрдсэн юм. Тухайн жил батлагдсан төсөв 100 хувь зөвхөн хүүхдэд чиглэсэн хөрөнгө оруулалт болох юм. 

Хүн амынхаа өсөлтийн бодлого дээр гол бодлогоо чиглүүлж ажиллаж байгаа ХАХНХЯам орон нутгуудад Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийг шинээр байгуулсан. Ер нь цаашдаа хичээллийн бус цагаар хүүхдийн олж авах ёстой мэдлэгэ, мэдээлэл, зөв хүмүүжлийн орчныг бий болгохын тулд 21 аймаг, 9-н дүүрэгт Хүүхэд хөгжлийн ордоныг байгуулна. гибйж21 аймагт 2 гол зорилт хүүхэд хөгжлийн ордоныг байгуулна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөгжлийн төвүүдийг ч байгуулахаар төлөвлөгөөт ажил эхэлсэн, зураг төсөл хийгдэж байгааг салбарын сайд орон нутгийн иргэд онцлон хэлсэн. Ирэх 2014 оны төсөв дээр Хүүхэд хөгжлийн ордоныг байгуулах хөрөнгө оруулалт суулгагдсанаар ажил эхлэнэ гэлээ.

Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл ба чанартай эмчилгээ үйлчилгээ хүртэх сонголт иргэдийн гарт очно

Нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоог шинэчлэх томоохон ажлыг ХАХНХЯ харьяа хэрэгжүүлэгч агентлагуудынхаа хамт хийж гүйцэтгэхээр төлөвлөгөөт ажлаа эхлүүлсэн нь хөдөө орон нутгийн иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн зорилтод ажлын нэг болжээ. Нийгмийн даатгалын тогтолцоог 3 үе шаттайгаар өөрчлөнө. Нэн тэргүүнд иргэдэд явдал чирэгдэл учруулдаг мөн дээр нь эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдсан мөнгө юунд зарцуулагддаг нь тодорхойгүй байдаг хэмээн иргэд шүүмжилдэг. Ийм гомдолыг ч орон нутгийн иргэд олноор тавьж байлаа. 

Тэгвэл нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн чанартай эмчилгээ үйлчилгээ хүртэх “эрх” зөвхөн иргэн таний гарт очих тогтолцоог бүрдүүлэхээр ХАХНХЯам ажиллаж байгаа гэдгээ сайд С.Эрдэнэ онцлон мэдээлсэн. Өөрөөр хэлвэл даатгуулагчийг хаанд өргөмжилсөн даатгалын тогтолцоог бий болгоно. Даатгуулагч өөрөө даатгалын мөнгөө захиран зарцуулдаг, даатгалын үйл ажиллагаанд хяналт тавьдаг болох юм. Өнөөгийн нөхцөлд эмнэлэгийн байгууллага хүнд суртал гаргаж, иргэдэд явдал чирэгдэл учруулдаг бол даатгалын тогтолцоо шинэчлэгдсэнээр хаана чанартай эмчилгээ үйлчилгээ байна тэнд иргэн сонголтоо хийж үйлчлүүлдэг тийм орчин нөхцөл бүрдэнэ. 
Харин тэтгэвэрийн тогтолцооны өнөөгийн нөхцлийн хувьд шимтгэл дээр суурьласан хуримтлалын тогтолцоогоор явж байгаа. Тэгвэл тэтгэвэрт гарсан ахмад настан бүр өөрийнхөө авах тэтгэврээрээ амжиргааныхаа хэрэгцээг бүрэн хангадаг нөхцлийг бүрдүүлж, тэтгэвэрийн насанд хүрсэн хүн бүр тэтгэвэр авах суурь тэтгэврийг бий болгоно. Өөрөөр хэлвэл одоогийн хуримтлалын тогтолцоогоор өмчийн болон хэлбэрийн оролцоотой нэмэгдэл даатгалын тогтолцоог бий болгох шинэчлэлийг Нийгмийн даатгалын салбарт өрнүүлнэ гэлээ.

Зун цагт зугаалмаар, Зудтай үед зугтмаар Архангайчуудын талархал

 Нэн тэргүүнд зун цагт зугаалмаар ч зудтай үед зугтмаар ийм хүнд хэцүү улиралд Архангай аймгийг зорин очиж, нутгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзан санал хүсэлтийг нь сонссон ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон албаны хүмүүст Архангайчууд талархаж байгаагаа уулзалтын үеэр иргэд илэрхийлсэн. 
Үүнээс гадна Монгол улсын ирээдүй болсон хүүхдийн мөнгийг ямар ч чирэгдэл үүсгэлгүйгээр олгох ажлыг амжилттай зохион байгуулсан Шинэчлэлийн Засгийн газар, ХАХНХЯ-ны үйл ажиллагааг орон нутгийн иргэд дэмжиж байсан. 

Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр хаяанд ирсэн энэ үед өмнөх засгийн газрын хэрэгжүүлээгүй дутуу орхисон ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөгийг шийдвэрлэсэнд Архангай болон Сэлэнгэ, Булган аймгийн иргэд, ахмадууд талархалтай хүлээж авсанаа илэрхийлж байлаа.
Мөн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль үүн дотроо 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласанаар нөхөн тооцсоноор олон мянган ахмад тэтгэвэрт гарах эрх нь үүсч, тэтгэвэр нь нэмэгдсэнд сайшаалтай хандаж байлаа. 
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон бусад албаны хүмүүсийн Архангай аймгийн иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтын үеэр нутгийн зон олон салбар яамны хийж хэрэгжүүлж байгаа ажлыг сайшааж, дэмжиж байгаагаа дээрх байдлаар өргөнөөр илэрхийлж байсан. Цаашдаа Шинэчлэлийн Засгийн газрын хийж хэрэгжүүлэх гэж байгаа шинэ алхамуудыг дэмжинэ гэсэн хүлээлт орон нутгийн иргэд дунд хэдийнэ бий болсон байлаа. Энэ ч утгаараа нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн ажлыг иргэдтэйгээ хамтран эхлүүлж, хийж бүтээх чин хүсэлтэй байгаагаа салбарын сайд илэрхийлсэн.