Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Засаг дарга нар байлдагчийн адил тэргүүн эгнээнд явах учиртай
Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүнгээр сонгогдсон ИТХ-ын дарга, Засаг дарга нар Төрийн ордонд семинарт оролцож байна.
2013.01.17

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Засаг дарга нар байлдагчийн адил тэргүүн эгнээнд явах учиртай

 Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт өгөх, чиглэл авах, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын зорилт, чиг үүргийг хамтран тодорхойлох, салбарын төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулах зорилго бүхий энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо. Монгол хүн монгол эх орондоо ая тухтай, сайхан амьдрах учиртай. Орон нутгаас Улаанбаатарыг зорьж ирэх хүн цөөхөн байвал Засаг даргын ажил сайн байна. Иргэд нь хот суурин газар руу зүтгээд байвал ажлаа тааруухан хийж байгаагийн илэрхийлэл. Тиймээс энэ нь ажлын гол үзүүлэлт болно гэдгийг Ерөнхий сайд онцлоод генерал хүн шаардлага гарвал байлдагчийн үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Байлдагчийн адил тэргүүн эгнээнд явах учиртайг хэлсэн юм.

Иргэн төвтэй, ил тод, нээлттэй байж, хээл хахууль авахгүй, хүнд суртлыг халах нь Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилт. Энэ хүрээнд ямар ажил хийж байгаа талаар Ерөнхий сайд тэмдэглэж ярилаа.

Шинэчлэлийн Засгийн газар Төрийн ордныг ард иргэддээ нээлттэй болгосон. Удахгүй 100 мянга дахь иргэн Төрийн ордон, Төрийн түүхийн музейд зочлох гэж байна. “Шинэчилж шийдье-222” уулзалтыг сар бүр зохион байгуулж, иргэдээ сонсож байгаа. Иргэдээ цаг тутам сонсож байх учиртай. Тиймээс иргэдээ сонсох, тэдний саналыг хүлээж авах “11 11” төвийг ажиллуулж эхэлсэн. Дөрвөн сарын хугацаанд 25 мянган хүн энэ төвд хандаад байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, дарга биш иргэн төвтэй байж, иргэдээ сонсож ажиллахыг зөвлөлөө. Мөн хэн нэгэнд даалгаж орхисноос болоод иргэдийн санал, хүсэлт нэг мэргэжилтний ширээн дээр  шийдвэрлэгдэхгүй асуудал болж түгжрэх учиргүй. Түргэн шуурхай шийдвэрлэж байх үүргийг Засаг дарга нар хүлээх ёстой гэж анхаарууллаа.

Иргэдээ ажилтай, орлоготой болгох нь маш чухал зорилт. Энэ хавар томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Компани, аж ахуйн нэгжүүдэд ямар мэргэжлийн хүмүүс хэрэгтэй талаар  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам судалгаа гаргаж байгаа. Шаардлагатай мэргэжлээр иргэдийг богино буюу таван сарын хугацаанд дадлага давамгайлсан аргаар сургаж ажлын байртай болгохын төлөө ажиллаж байгаа гэдгийг Ерөнхий сайд хэлээд аймаг, орон нутагт ажлын байр бий болгож байгаа хүмүүстэйгээ уулзаж ямар мэргэжлийн хүн хэрэгтэй байгааг асууж тодруулан ийм судалгаа хийхийг үүрэг болгосон.

Мөн IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ, Тавантолгойн цахилгаан станц барина. V цахилгаан станцыг Улаанбаатар хотын зүүн талд барих шийдвэр гарсан. Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг энэ хоёр жилд багтаан дуусгана зэрэг олон ажлыг Шинэчлэлийн Засгийн газар эхлүүлээд байна. Чингис бондын хөрөнгийг улс оронд, иргэдэд хамгийн чухал хэрэгцээтэй байгаа төсөлд зарцуулна.

2015 онд багтаан 21 аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбож дуусгана.

Эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд ИТХ-ын дарга, Засаг дарга нарын үүрэг оролцоо, санаачилга чухал болохыг Ерөнхий сайд тодотгоод ард иргэдийнхээ төлөө, тэдний ахуй амьдралыг сайжруулахын төлөө, нэгэн зорилгын төлөө нэгэн баг болж ажиллах  аймаг, нийслэлийн Засаг дарга нартаа өндөр амжилт хүссэн юм.

Монгол Улсынхаа, хүн ардынхаа эрчимтэй хөгжлийг эрчтэй урагшлуулж, Монгол хүнээ ажилтай орлоготой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй, аюулгүй орчинтой болгохын төлөө шинэчлэлийн бодлогыг тууштай, шуурхай, шударга, хариуцлагатайгаар хэрэгжүүлэхийн төлөө 10 заалт бүхий зарчмыг мөрдлөг болгон ажиллахаа илэрхийлэн батламжид гарын үсгээ зурлаа.

  1. Гаргасан тушаал шийдвэр олон нийтэд ил тод нээлттэй байна.
  2. Хээл хахууль авлигын эсрэг тууштай тэмцэнэ.
  3. Орон тоог нэмэгдүүлэхгүй, цомхон чадварлаг бүтэцтэйгээр ажиллана.
  4. Аймаг орон нутагтаа шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ, хүнд суртлыг арилгана
  5. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг иргэдэд хүргэж ажиллана
  6. Аймгаа хот болгон хөгжүүлнэ, сумын хөгжлийг шинэ шатанд гаргана
  7. Өдөрт 12-оос дээш цагаар амралтын өдөргүй ажиллана
  8. Бямба, ням гариг бүрт сум багт хүрч ажиллана
  9. Гадаадад албан томилолтоор жилд хоёроос илүү явахгүй
  10. Цаг барих зарчмыг хатуу мөрдлөг болгон ажиллана

Аймаг, нийслэлийн Засаг дарга нар эдгээр зарчмыг  баримталж ажиллахаа илэрхийллээ.