Г.Баярсайхан:Улаанбаатарыг гамшгийн бүс гэж зарлаж өгөөч, Ерөнхий сайд аа
2010.12.06

Г.Баярсайхан:Улаанбаатарыг гамшгийн бүс гэж зарлаж өгөөч, Ерөнхий сайд аа

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

-УИХ Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Та энэ хуулийн төсөлд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна лээ. Тамхины хяналтыг илүү чангатгах хэрэгтэй гэж үзэж байгаа хэрэг үү?


-Тамхины хяналтын тухай хуулийн эцсийн зорилго бол монгол хүний эрүүл мэндийг хамгаалах, нийгэм дэх тамхины хор хөнөөлийг арилгах явдал. Тамхи бол наркотикийн нэг төрөл. Тамхинд агуулагддаг никотин хар тамхины төрлийн хамгийн хүчтэй бодис. Тиймээс тамхины хяналтыг сайжруулъя, зохисгүй хэрэглээг нь хориглоё гэдгийг би эмч, экологич хүний хувьд бүрэн дэмжиж байгаа. Тамхинаас болж дэлхий дээр олон сая хүн нас барж байна. Хүн төрөлхтний үхлийн нэгдүгээр шалтгаан нь тамхи болоод байгаа. Олон төрлийн хорт хавдрууд тамхинаас үүдэлтэй байгаа. Тиймээс баар кафе зэрэг олон нийтийн үйлчилгээний газар, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тамхи татахыг хориглох нь зөв. Ийм хуулийг хэрэгжүүлж эхэлсэн улс орнуудад үр дүн нь яаж гардаг вэ гэхээр хүн амын дундах амьсгалын замын болон уушгины өвчлөл, хорт хавдар автоматаар буураад эхэлдэг.

 

-УИХ-д өргөн бариад байгаа хуулийн төсөл хэр сайн болж вэ?

 

-Төсөлд дутуу юм цөөнгүй байна. Тамхины хяналтын тухай хуульд бүрмөсөн өөрчлөлт оруулахад ч болохгүй зүйлгүй. Тамхины хэрэглээг яаж хязгаарлах  вэ  гэвэл тамхины   татварыг  нэмэх хэрэгтэй. Европын орнуудад тамхины үнийн дүнгийн 67-70 хувьтай    тэнцэх    татвар ногдуулдаг. Гэтэл манай улсын  хувьд тамхины онцгой  албан  татвар үүнтэй харьцуулахад бага байгаа. Тамхинаас гарах эрмэлзлэлтэй хүмүүст дэмжлэг үзүүлэх ёстой. Нөгөө талаар тамхины далд сурталчилгаа их байна. Үүнийг хуулиар хориглосон атал зарим кино, телевизийн нэвтрүүлэг   зэргээр далд сурталчилсаар байгаа. Ийм явдлыг хориглож, хумих хэрэгтэй. Хамгийн ноцтой нь гадаадын зарим улс оронд тамхийг янз бүрийн амт, үнэртэйгээр үйлдвэрлэж байна. ДЭМБ-ын хамгийн сүүлийн мэдээллээс харахад тамхи үйлдвэрлэгч томоохон корпорациуд тамхины амтыг өөрчлөн жүрж, ванилин, кофе, чихрийн амттай гаргаж байна. Ингэж амт, үнэрийг нь өөрчилсөн атлаа никотин нь хэвээрээ байдаг. Тиймээс үүнийг хориглох хэрэгтэй. Монгол Улс тамхины стандартаа өөрчилж, шаардлагыг нь өндөрсгөх хэрэгтэй гэж боддог. Үүнийг хуулийн төсөлд орхигдуулсан байна лээ.

 

-Сүүлийн үед хүүхэд, залуус, эмэгтэйчүүдийн дунд тамхичдын тоо эрс нэмэгдэж байгаа судалгаа байдаг юм билээ. Үүнийгхязгаарлахад Тамхины хяналтын тухай хууль нөлөөлж чадах уу?

 

-Манай хойд хөрш тамхидалттай хатуу тэмцдэг. Наад зах нь насанд хүрээгүй хүнд тамхи худалдахыг хориглодог. Үүнийг зөрчвөл Эрүүгийн хатуу хариуцлага хүлээлгэж, зургаан cap хүртэлх хугацаагаар хорих асуудлыг яг одоо ДУМ-аараа хэлэлцэж байна. Манайх ч гэсэн ингэж л тамхитай хатуу тэмцэх хэрэгтэй. Хууль зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлагыг чангатгах нь зөв гэж боддог.

 

-Хариуцлага гэдэгтэй холбогдуулж асуухад та эко автомашины татварыг хөнгөлөх, ийм автомашин худалдан авч байгаа иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлэх тухай саналыг чуулган дээр хэлж байсан. Энэ талаар хуулийн төсөл санаачилж байгаа гэлүү?

 

-Гишүүд ийм хуулийн төсөл өргөн барих ёстой. Би Сангийн сайдтай энэ талаар санал солилцсон. Засгийн газар татвараа л нэмж, ахиу мөнгө олох зорилготой байгаа. Мөнгө олох боломж юу байна тэр бүхнийг ашигладаг. Гэхдээ иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, байгаль орчны бохирдлыг бууруулахын тулд нэг төрлийн татварыг тэглэе гэхэд болохгүй юмгүй. Тиймээс архи, тамхины татварыг нэмье, харин эсрэгээр нь эко машиныг татвараас хөнгөлье гэсэн санал тавьж байгаа. УИХ дахь хайлбал Д.Энхбат гишүүн бид хоёр төсөл санаачилж өргөн барих нь зүйтэй гэдэгт санал нэгдээд байгаа.

 

-"Эксел"-ийг эко машинаар сольё гэж та хэлсэн байсан. Энэ нь хуучин машиныг зах зээлээс шахъя гэсэн үг үү?

 

-Хотын утааны асуудлыг дан ганц гэр хороололтой холбох нь учир дутагдалтай. Жилээс жилд нэмэгдэж байгаа автомашины утааг багасгахад анхаарах цаг болсон. Манай улсын автомашины парк үнэхээр хуучирсан. Үүнийг өөрчлөхөд төрийн бодлого хэрэгтэй. Дэлхийн автомашин үйлдвэрлэгч орнуудад иргэд хуучин машинаа диллерт худалдаад, тэр мөнгөөрөө шинэ машин худалдаж авдаг. Түүнд нь төрөөс тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг жишиг байна. Оросууд ийм аргаар хуучин "Лада", "Москвич" зэргээсээ салсан. АНУ, Өмнөд Солонгос болон Европын холбооны улсууд бас л ингэж автомашины паркаа шинэчилж байна. Манай улс автомашин үйлдвэрлэдэггүй. Тиймээс автомашиныхаа паркийг яаж шинэчлэх вэ гэдэг адармаатай. Гол нь үүнийг татвараар зохицуулна. Эко машин буюу гибрид машиныг дэлхийн олон оронд өргөнөөр хэрэглэж байна. Гибрид машин унаж байгаа бол татвараас хөнгөлөх гэх мэтээр урамшуулдаг. Манай улсын хувьд гибрид машиныг хил, гаалиар оруулж ирэхэд онцгой албан татвараас чөлөөлсөн байгаа. Улаанбаатарын утааг багасгая гэвэл гибрид машины хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд НӨАТ, гаалийн татварыг тэглэхээс гадна ийм машин худалдан авч байгаа иргэдийг урамшуулах нь чухал.

 

-Ер нь хотын агаарын бохирдлыг яаж бууруулах вэ. Хамгийн оновчтой арга гэвэл та уг хэлэх вэ?

 

-Улаанбаатарыг гамшгийн бүс гэж зарлая гэж Ерөнхий сайдад хэлмээр байна. Тэгээд ийм нөхцөлд амьдарч байгаа иргэддээ үнэгүй сүү өгье. Ядаж хүүхэд, эмэгтэйчүүдэд сүү олгоё л доо. Хотын утаа хэсэг хугацаанд хэвээрээ байх нь тодорхой. Утааг арилгахад зөв бодлого, мөнгө хоёр л хэрэгтэй. Энэ хүндрэлийг шийдэх бололцоо, боломж байгаа. Юуны өмнө гэр хорооллын айл өрхүүдийг хийн түлшинд шилжүүлэх нь зөв. Мөн дэд бүтцийг сайжруулах, цахилгаан болон сэргээгдэх эрчим хүч, газрын гүний эрчим хүч зэргийг ашиглах хэрэгтэй. Ирэх онд 800 тэрбум төгрөгийг улстөрчдийн цамаан, самуун зангаас болж салхинд хийсгэх гэж байна. УИХ ийм алдаатай, цоорхойтой, гажиг төсөв баталлаа. Иргэдэд бэлнээр олгох 800 тэрбум төгрөгөөр ойрын хоёр гурван жилд Улаанбаатарын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулж, цахилгаан шугам сүлжээг шинэчлэх боломжтой. Энэ их мөнгөөр агаарын бохирдлыг 99 хувь бууруулах боломж байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.