
ЁЗДБХ: 2024 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр /2025.06.30/ хуралдан Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
2024 оны санхүүгийн тайлан болон төсвийн гүйцэтгэлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгдсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэн, УИХ-ын чуулганы 06 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанд анхны хэлэлцүүлгийг танилцуулсан. Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Төрийн албаны зөвлөлийн даргын багцын хоёр төсөвт байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан гэлээ. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 6.7 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, урсгал зардалд 6.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Төрийн аудитын тухай болон Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын даргын төсвийн 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 3 тайлан нэгтгэснээс 2 байгууллагыг түүвэрт хамруулсан бөгөөд аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ.
- Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 14.8 сая төгрөгийн зөрчил илэрснээс 0.6 сая төгрөгийн 1 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 14.2 сая төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 1 албан шаардлага хүргүүлж, зөрчлийг давтан гаргахгүй байх 3 зөвлөмж өгсөн байна.
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 22.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, тайлант онд санхүүжих 2 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан ба төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянаж, 86.4 хувийн санхүүжилтийг олгосон байна.
- Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 2 тайлан нэгтгэснээс 1 байгууллагыг түүвэрт хамруулсан. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ.
- Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн нийт 50.5 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 2 зөвлөмж, аудитаар шалгасан нийцлийн асуудлаар илэрсэн 580.6 сая төгрөгийн зөрчилд 7 зөвлөмж өгсөн байна.
- Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд дүгнэлт гаргасан. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа 1 байгууллагад “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ.
- Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн нийт 7.1 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 2 зөвлөмж өгчээ.
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар оруулалтаар 2.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, тайлант онд санхүүжих 1 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан ба төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянаж, 92.1 хувийн санхүүжилтийг олгосон байна.
Дээр дурдсан аудитын дүн, дүгнэлтээс үндэслэн дараах асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай байна гэж үзжээ.
Төсвийг зохистой удирдаагүйгээс авлага, өр төлбөр үүсгэсэн, тооцоо нийлж баталгаажуулаагүй, хугацаа хэтэрсэн, эзэн холбогдогч нь тодорхой зэрэг авлагыг барагдуулах талаар арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн төсвийн ерөнхийлөн захирагчид худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, аудитаар тогтоосон төлбөрийн акт, өгсөн албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулж, алдаа зөрчил гаргахгүй байх зэрэг асуудлыг зөвлөмждөө тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Очирбат Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа байн байн өөрчлөлт оруулж буйд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр төсвийн зарлагын шинэчлэл хийе гэж ярьдаг ч энэ нь иргэдийн амьдралд нөлөөлж чадсан эсэхийг лавласан. УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, өнгөрсөн оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг харахад бараг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэмнэгдсэн дүнтэй байна гээд, төсөвлөсөн мөнгөө зориулалтын дагуу зарцуулж ажлаа гүйцэтгээгүйтэй холбоотой эсэхийг тодруулсан. Энэ нь төлөвлөлтийн алдаа мөн эсэхэд хариулт хүссэн юм.
Сангийн яамны Төрийн сангийн газрын Санхүүжилт тайлан бүртгэлийн хэлтсийн дарга Н.Мөнхсүх, Төрийн албаны зөвлөл бараа үйлчилгээний зардлаас 181 сая төгрөг, бараа үйлчилгээний бусад зардлаас 66.1 сая төгрөг, хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардлаас 114 сая төгрөгийг тус тус хэмнэсэн. Энэ нь худалдан авах ажиллагаа болон байгууллагын сургалтын төлөвлөгөөг нэмэлтээр батлаагүй зэрэг шалтгаанаас үүссэн. Мөн тендер шалгаруулалтад тэнцэх оролцогч гарч ирээгүй зэрэг шалтгаанаар хэмнэлт үүсэн гэсэн хариулт өгсөн юм.
Байнгын хороо ийнхүү хэлэлцээд тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.