Д.Үүрийнтуяа: Хөдөө сумдад хэн хийж байгаа нь мартагдтал, хэдэн жил болчихсон ашиглалтад ороогүй баахан балгас барилга обьектуудыг яах вэ?
УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа дараах 4 асуултыг тавилаа.
Нэгдүгээрт, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 196 ААН-үүд аудит хийжээ. 88 нь ашигтай, үлдсэн108 нь алдагдалтай гэж ойлгож байна. 88 ААН-ийн зургаа нь л ашгийн 96%-ийг,82 нь үндсэндээ үлдсэн 4%-ийг бүрдүүлсэнгэсэн үг. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой ажил хийнэ ээ гэж зорилтоо дэвшүүлсэн. Өнгөрсөн хугацаанд ЗГ энэ чиглэлээр үр дүнд хүрсэнгүй ээ гэдэг аудитын дүгнэлт гарсан байна л даа. Тэгэхээр Хэрэг эрхлэх газраас энэ асуудал эхлэх ёстой юм болов уу гэж хараад байгаа юм. Өнөөдөр Эрдэнэс Монгол нэгдэл ЗГХЭГ-ын харьяа байдаг. Санхүүгийн тайлангийн аудитын үр дүнгээр Аж үйлдвэр эрдэс баялгийн яам ЭХЯ мөн энэ барилга орон сууцжуулалтын яам руу очиж сайд нарын багцад үр дүн нь нэгтгэгдээд байдаг засаглалын оновчгүй тогтолцоогоо хэзээ яаж өөрчлөх вэ? ТӨК-ийн засаглал хэзээ яаж өөрчлөгдөж орж ирэх юм бэ?
Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар гадаад зээл тусламж багагүй авсан. 24,4 их наяд зээлийн эрх үүсгээд ашиглаж чадаагүй эх үүсвэр 13,3 их наяд, хүүгийн төлбөрт 39,4 тэрбум төгрөгийг төлчихсөн. Хэзээ бид нар төлөвлөж сурах вэ? Хэзээ чадах хэмжээгээрээ зээлээ авч энэ төлөвлөлтөө оновчтой болгох юм бэ? Үргүй зардлаар мөнгө үрээд байх уу?
Гуравдугаарт, ЗГ-ын хөрөнгө нэлээн нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцээд орон нутгуудад хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудын үр өгөөж учир дутагдалтай байна. Хөдөө сумдуудад энд тэндгүй ашиглалтад ороогүй баахан балгас барилга обьектуудтай боллоо. Хэдэн жилээр ажлаа хийгээгүй алга болчихдог хэн хийж байгаагаа марттал алга болдог. 10 жил болчихсон газар хүртэл байна. Араас нь хөөцөлддөг хүн амьтан байдаггүй. Энэ хөрөнгө оруулалтын ажлуудыг ер нь яаж дуусгах юм бэ? ЗГ Энэ дээр ямар бодлого барих юм бэ? Удаасны шагнал болгоод урамшуулж байгаа юм шиг бид төсвийн тодотгол дээр энэ төсөвт өртгийг нь тодотгоод магадлал хийгээд мөнгийг нь нэмж өгөөд байдаг урамшууллын тогтолцоогоо хэзээ арилгах юм бэ?
Дөрөвдүгээрт, аудитын дүгнэлтээр өнгөрсөн оны аудитын дүгнэлтээр хэрэгжүүлэх зөвлөмжийн хэрэгжилт 57,6%-тай. Аудит дүгнэлт гаргаад хэрэгжүүлэхгүй, гүйцэтгэл нь хангалтгүй орж ирээд байдаг. Ямар хариуцлагын асуудал яригддаг юм. Үндэсний аудитын газар хэрэгжих боломжгүй шаардлагыг өгөөд байдаг юм уу, эсвэл ЗГ хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авдаггүй юм уу. Тодорхой хариулт өгөөч?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

Сэтгүүлч