Д.Үүрийнтуяа: Орон нутагт сурч буй оюутнуудын сургалтын төлбөрийг 50% хөнгөлөх ЗГ-ын тогтоол хэрэгжихгүй байна!
Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хөдөө орон нутагт байрлах их дээд сургуулиудад элсэн суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийг 50% хөнгөлөх ЗГ-ын тогтоол 2021 онд батлагдсан байдаг.
Гэтэл өнгөрсөн оноос энэхүү шийдвэр хэрэгжих боломжгүй болсон. Гэтэл мянга гаруй залуус хөнгөлөлттэй нөхцөлөөр сурна гээд орон нутагт байрлах салбар сургуулиудад элсэж, нэмэлт төлбөр төлөх нөхцөл үүсчхээд байгаа юм.
Энэхүү асуудлыг Бүсчилсэн хөгжлийн чуулганы үеэр хөндөж салбарын сайд нь залруулна хэмээн амлаж байсан. Иймээс Боловсролын сайдаар улиран сонгогдож байгаа П.Наранбаярын зүгээс дээрх алдааг залруулна гэсэн амлалтдаа хүрэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа гишүүн сануулсан юм.
Боловсролын сайд П.Наранбаярыг амлалтаа хэрэгжүүлэхийг санууллаа
Ингэхдээ тэрбээр, Орон нутгийн их дээд сургуульд сурч байгаа оюутны сургалтын төлбөрийг 50% хөнгөлөх тухай тогтоол хоорондоо зөрчилтэй хүчин төгөлдөр 2 тогтоол байна гэдэг асуудлыг би танд тавьж ойлгуулж хэлсэн. 4 сарын 30-ны өдөр Хойд бүсийн зөвлөгөөн дээр иргэн н.Эрдэнэбулганы асуусан асуултад Та "шийднэ" гэж хариулсан. Харамсалтай нь 2025 оны 215-аар та энэ асуудлыг ЗГ-ын барьж байгаа Бүсчилсэн хөгжлийн бодлогынхоо эсрэг, орон нутагт ажиллаж байгаа их дээд сургуулийнхаа эсрэг, орон нутагт сурч байгаа оюутнуудын эсрэг гаргасан. Энэ 50%-ийн хөнгөлөлтийг хүчингүй болгосон. 600 гаруй оюутан жилдээ орон нутагт сурч байсан. Ядаад энэ тогтоолд чинь итгэж найдаад элсчихсэн хүүхдүүдийг төгсгөчхөж болоогүй юм уу.
Боловсролын сайд П.Наранбаяр хэлэхдээ, 100%-ийн тэтгэлэгтэйгээр сурах боломжийг бий болгосон ч нөгөө талдаа нийгмийн халамжийн хуульд байдаг заалтууд буюу өөрөөр хэлбэл нийгмийн халамжийн хувьд "заавал халамж авдаг байж 100% хөнгөлөлт үзүүлнэ" гэсэн амьжиргааны түвшний заалт орж ирсэн. Хууль нь заалттай учраас бид яаж ч чадаагүй хэмээн хариуллаа.
орон нутагт сурч буй оюутнууд төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдахын тулд халамж авдаг байх шаардлага үүсчээ
Нэг үгээр хэлбэл орон нутагт байрлах их дээд сургуульд суралцаж буй залуучууд сургалтын төлбөрөө хөнгөлүүлэхийн тулд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн халамж авдаг гэсэн ангилалд багтах шаардлага тулгараад байна. Угтаа бол орон нутгийн сургуулиудын төлбөрийг хөнгөлөх шийдвэр нь амьжиргааны түвшинтэй хамааралгүй, төвлөрлийг сааруулах үндсэн зорилготой. Ам алдвал барьж болдоггүй гэсэн үг бий. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд ЗГ-ын 2021 оны тогтоолыг хэрэгжүүлнэ гэсэн Сайдын амлалт ажил хэрэг болох уу гэдэг хүлээлт олон нийтийн дунд үүсээд байна.

Сэтгүүлч