2025.05.22

Ж.Баясгалан: Амьгүй донорын тоог нэмэгдүүлж, амьд донорын тоог бууруулдаг тогтолцоог хэрэгжүүлэх хууль эрх зүйн боломж бий юу?

УИХ-ын чуулганы /2025.05.22/-ны өдрийн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж асуулт, асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

Өнөөдөр маш чухал асуудлыг хөндөж байна. Маш чухал хуулийн төсөлтэй танилцаж байна. Юун түрүүнд, би энэ асуудлыг маш сайн мэднэ. Манай ээж эрхтэн шилжүүлэн суулгуулж байсан. Манай гэр бүлийнхэн донор болж байсан. Тийм болохоор эрхтэн суулгуулсан хүнийг болон донор болсон хүний ар гэр тэр бүх асуудлыг мэднэ. Дээр нь энэ эмчилгээний төлөө цаг наргүй, нойр хоолгүй, олон цагаар тасралтгүй ажиллаж байгаа эмч нарынхаа гавьяаг бас мэднэ. Хэрэв болдог бол, чаддаг бол энд байгаа эрхтэн шилжүүлэх тасгийнхаа эмч нарт, хамт олонд босоод мэхийгээд ёсолчих юмсан гэж бодож байна. Үнэхээр олон хүнийг аварч байгаа, үнэхээр олон хүний амьдралыг хамгаалж байгаа энэ хүмүүсийнхээ төлөө Их хурлынхаа гишүүдийн өмнөөс ч та нартаа маш баярлалаа гэж хэлмээр байна.

Дэлхий даяар донорын 2 сонголт байдаг. Энэ бол бидний ярихгүй байгаа сэдэв. 3 асуулт асууя.

Нэгдүгээрт OPT IN, нөгөөх нь OPT OUT гэж байдаг. Ялгаа нь OPT IN нь Америк, Австрали, Герман, Англи, Бразил, Дани орнуудад хэрэглэдэг. OPT OUT тогтолцоог Орос, Итали, Испани, Франц,Чех зэрэг улсуудад хэрэглэдэг. Ялгаа нь хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд OPT IN, илэрхийлээгүй тохиолдолд донор болдог. Өнөөдрийн хуулийн төсөлтэй танилцаад үзэхээр манайхан OPT IN буюу хүн өөрөө донор болохоо илэрхийлсэн тохиолдолд гэдэг талдаа ажиллаж байгаа юм байна. OPT OUT-ыг сонгох юм бол Ж.Чинбүрэн гишүүний хэлдэг амьд донор илүү багасдаг. Илүү амьгүй донор орж ирдэг. Илүү амьдрах сайжирдаг гэж үздэг.

Тэгэхээр И-Монгол системийн үйлчилгээнд Донорын зөвшөөрлийн хүсэлтээ илэрхийлсэн 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн байдлаар 2582 хүн байгаа. 2018 оноос хойш өөрийн биеэр хүсэлт гаргаж эрсдэлтэй нөхцөл байдал тохиолдвол донор болохоо хүлээн зөвшөөрсөн 300 гаруй хүн байгаа. Ер нь манай улсын хувьд 600 гаруй иргэн эрхтэн шилжүүлэн суулгуулах хагалгаанд орох шаардлагатай дарааллаа хүлээж байгаа гэж ойлгож байгаа.

Тэгэхээр амьгүй донорын тоог нэмэгдүүлэх, амьд донорын тоог бууруулахад нөлөө үзүүлдэг OPT OUT тогтолцоог аваагүйн шалтгаан юу вэ? Цаашид энэ тогтолцоог хэрэгжүүлэх хууль эрх зүйн боломж бий юу? гэдэг нэг дэх асуулт.

Хоёрдугаарт, Агентлаг байгуулахаар оруулж ирсэн. Агентлаг байгуулахаар хуулиндаа зөрчилдөөд байна. Эм эмнэлгийн хэрэгсэл, зохицуулалтын газар гэдэг 2 агентлагтай байхаар заасан. Энэ хуулийн төсөлтэй хамт дагалдаж оруулах хууль тогтоомжийн төслүүд дээрх тогтоолд оруулах, төсөл байхгүйгээс гадна агентлаг шинээр байгуулахтай холбоотой зардлын тооцоо хийсэн тайлан байхгүй байна. Би байх хэрэгтэй гэж үзэж байгаа учраас зардлын тооцоогоо хийсэн үү, үүнийг хийгээч ээ гэж асуумаар байна.

Гуравдугаарт, эрхтэн шилжүүлэх хагалгаа хийж байгаа эмнэлгийн ажилтнууд олон цаг хөл дээрээ зогсож маш хэцүү, хүнд нөхцөлд ажилладаг. Мөн хагалгааны ард инженер техникийн ажилтнуудаас эхлээд холбогдох мэргэжлийн хүмүүс байдаг. Энэ хагалгааг хийсэн эмч мэргэжилтнүүдэд хэдий хэмжээний цалин нэмж олгож, ямар урамшуулал, ямар илүү цагийн хөлс, хэрхэн тооцож олгож байгаа талаар мэдээлэл авъя.

Мөн эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах хагалгааг гүйцэтгэж байгаа мэргэшсэн, мэргэшиж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудаа цаашид тогтвор суурьшилтай ажиллах талаас, нийгмийн талаас ямар дэмжлэг үзүүлэх талаар хуулийн төсөлд хэрхэн тусгасан байгаа вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.Чинбүрэн хариуллаа.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн