
Ж.Баясгалан: Ерөнхий сайдын хүү өнөөдөр Монголд ирнэ гэсэн. Төр тогтвортой ажиллах ёстой
УИХ-ын гишүүн Ж.Баясгалангаас Ерөнхий сайдын хүүтэй холбоотой асуудлаар байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр "Олон нийтийн жагсаал байх ёстой, жирийн үзэгдэл. Ерөнхий сайд гэхээс илүүтэй улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний хувьд тайлбараа хийх нь зүйн хэрэг. Хүүхдийн тухайд, эрх зүйч хүний хувьд харахад, 23 настай, нас биед хүрсэн.
Иймд өөрөө хөрөнгө орлогоо мэдүүлэх, түүнийгээ баталж чадах ёстой гэж бодож байна. Тэр хэрэглэсэн мөнгө нь өөрийнх нь үү, аавынх нь уу гэдгийг баталж чадах ёстой. Би ч бас та бүхэнтэй адил хэвлэлийн мэдээлэлтэй байгаа. Өнөөдөр Монгол Улсад ирж байгаа гэсэн. Тэгэхээр энэ асуудлаар өөрөө олон нийтэд тайлбараа хийх хэрэгтэй" гэв.
-Жагсаал хийж буй залуучуудтай нэгдэх үү. Та гарын үсгээ зурах уу?
-Би төрийг тогтвортой байх ёстой гэж үздэг. Энэ бол Засгийн газрыг унагаах асуудал эсэхэд эргэлзэж байна. УИХ-ын гишүүн болон Ерөнхий сайдын хувьд ёс зүйн асуудал нь мөн үү гэвэл мөн. Иймд өөрөө тайлбараа хийх байх. Нотолж чадахгүй бол харин дараагийн асуудал яригдах байх.
-Хамтарсан Засгийн газар байх ёстой гэж харж байна уу?
-Би бол хөгжлийн бэрхшээлтэй 114 мянган иргэний төлөөлөл. Би энд орж ирснээрээ асрах үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хүртээмжийн тухай хуулийн ажлын хэсгүүдэд орж ажиллаж байна. Энэ ажлууд маш сайн явж байна. Төрийн ажил тогтвортой байгаасай л гэж хүсэж байна. Хамтарсан Засгийн газар бол дараагийн асуудал.