Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
2025.04.28

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болж өндөрлөлөө. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Бүсчилсэн хөгжлийн реформ“ сэдвээр илтгэл тавилаа.

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, УИХ-аар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлуулан 2001 оноос яригдсан бүсчилсэн хөгжлийн бодлогыг ажил хэрэг болгож эхэлсэн. Төрийн бодлого тогтвортой үргэлжлэх зарчмыг үндэслэн хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж, бүсийн зөвлөлүүд анхдугаар хуралдаанаа хийж байгаагийн хоёр дахь нь Хойд бүс юм.

Хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл аймаг багтдаг. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Хойд бүсийг ОХУ болон Европын орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын эко систем, байгаль, түүх, соёлын өвд тулгуурлан Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр тусгажээ. Ерөнхий сайд “Бүс нутгийн хөгжлийг уялдаа холбоотой, зөв төлөвлөсөн бодлогоор дэмжсэнээр Монгол Улс эдийн засгийнхаа бат бөх суурийг тавих боломж бүрдэнэ. Хойд бүсийн хилийн боомтуудтай холбох боломж, бусад бүстэйгээ эдийн засгийн интеграцид ороход чиглэсэн төслүүдийг дэд бүтцийн болон эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлж хэрэгжүүлэх нь чухал” гэдгийг онцоллоо.

Хуралдааны үеэр иргэд санал хүсэлтээ цахимаар уламжлав. Мөн танхимд оролцогчдоос 26 хүн асуулт асууж, санал хүсэлтээ хэллээ. Иргэд бүсчилсэн хөгжлийн бодлого сонгуулийн тойрог төдий болоод өнгөрөх биш бодит ажил хэрэг болж байгаад, Ерөнхий сайд 2023 онд 21 аймагт ажиллахдаа өгсөн амлалтуудаа хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ.