2025.04.25

Б.Хэрлэн: Зээлжих чадварыг оноогоор дүгнэх нь нийгэмд санхүүгийн сахилга бат, хариуцлагын ухамсрыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой

УИХ-ын чуулганы /2025.04.25/-ны өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:

Зээлжих чадварыг оноогоор үнэлж тогтоох энэ аргачлалыг нэвтрүүлэх санааг дэмжиж байгаа. Сая А.Ариунзаяа гишүүн ярьж байна. Энэ бол сайн зээлдэгч эмэгтэйчүүдийн хувьд боломжийг нээх аргачлал орж байна гэсэн санаануудыг ярилаа. Эмэгтэйчүүд зээл авахад барьцаа хөрөнгийн асуудал нэлээд хүнд байдаг. Эмэгтэйчүүдийн үл хөдлөх хөрөнгийг эзэмших хувь нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин бага. Газар эзэмших, өмчлөх нь зургаа дахин бага учраас зээл авах үед барьцаа хөрөнгө нь том даваа болдог.

Оноогоор дүгнэхэд зээлжих чадвар нь үнэхээр сайн байгаад оноо нь өндөр байвал барьцаа хөрөнгө шаардах явдалд уян хатан байдал үүсэх боломжтой юу үгүй юу. Тэгэхээр зээлийн нөхцөл нь илүү уян хатан болох, хүү нь магадгүй багасах боломж бүрдэх үү? гэдгийг нэгдүгээрт асуумаар байна.

Хоёрдугаарт, зээлжих чадварыг оноогоор дүгнэх систем нэвтэрч байгаа байдал нь монголын нийгэмд санхүүгийн хариуцлага, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хариуцлагын ухамсрыг дээшлүүлэхэд маш их ач холбогдолтой зүйл. Өөрөөр хэлбэл оноо өндөр байх тусам зээлийн нөхцөл нь уян хатан болоход чиглэсэн ямар урамшууллууд орж ирэх вэ? гэдгийг илүү тодорхой хэлж өгөөч.

Гуравдугаарт, зээлжих зэрэглэлийг оноогоор дүгнэх явдал улс орны нийгмүүдэд янз янзын нөлөө үзүүлдэг юм байна. Заримдаа тэгш бус байдлыг бэхжүүлэх, хадгалахад нөлөөлж болзошгүй гэсэн судалгааны дүгнэлтүүд гарсан байна. Өөрөөр хэлбэл зээлжих чадварын үнэлгээ доогуур байгаа бол авах зээлийн хэмжээ багасч хүү нь нэмэгдэнэ. Эргээд энэ нь хүний санхүүгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй учраас нийгэм дэх тэгш бус байдлыг хадгалаад байж болзошгүй гэсэн дүгнэлтүүд гарсан. Аргачлалыг батлах тухайд Монголбанкнаас хэрхэн анхаарч үзэх бол?

Дөрөвдүгээрт, зээлжих чадварын үнэлгээг тогтоохдоо хэд хэдэн үзүүлэлтийг харгалздаг. 5-6 үзүүлэлтийг харгалздаг гэж үздэг. Зээлийн хэмжээ, төлбөрийн үлдэгдэл, цаг хугацаанд нь төлж байсан уу, хэдэн удаа зээл авсан гэдэг ч юмуу. Эдгээрээс гадна өөр шаардлагуудыг арилжааны банкууд зээлдэгчид тавьдаг. Ялангуяа хэрэглээний зээл дээр нас, хүйстэй холбоотой шаардлагуудыг тавьдаг. Бас хамтран зээлдэгчтэй байхыг шаарддаг. Хэрэв ганц бие хүн байвал хэн нэгнийг дагуулаад очих боломжгүй. Насны хувьд эмэгтэй нь 55, эрэгтэй нь 60 нас хүрэхэд хэрэглээний зээл олдохгүй байх ийм нөхцөлүүд байдаг. Сайн оноо авч байгаа зээлдэгч, зээлжих чадвар нь өндрөөр үнэлэгдэж байгаа зээлдэгчид саяны зохицуулалтууд хэвээр үйлчилсээр байх уу? эсвэл шаардлагууд нь өөрчлөгдөх болов уу?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Э.Батшугар хариуллаа.